Улсын болон 21 аймгийн музей, зарим эрдэм шинжилгээний байгууллага, (Археологийн хүрээлэн, Палеонтологийн хүрээлэн), номын сан (Үндэсний номын сан), сүм хийд (Гандантэгчинлэн хийд) зэрэг нийт 35 байгууллагын үзвэрийн тухай мэдээллийг хадгалдаг соёлын өвийн бүртгэлийн программ шинэчлэгдлээ.
Соёлын үнэт өвийг хадгалж, хамгаалах ажилд багагүй ач холбогдолтой уг программ хэрэглээнд нэвтэрснээр статистик тоон үзүүлэлт, он цагийн өгөгдлийг илүү нарийвчлалттай гаргах, бүртгэл, мэдээллийг өөрийн серверт найдвартай хадгалах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн хайлтын систем нь илүү боловсронгуй болжээ.
Мөн бүртгэл мэдээллийн санч нарт соёлын өвийн бүртгэлийн RCH (Registration of Cultural Heritage) программын шинэчилсэн хувилбарыг танилцуулах сургалтыг Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сангаас зохион байгуулсан аж.
Дашрамд дурдахад манай улс 1994 оноос соёлын өвийг бүртгэж, мэдээллийн сан байгуулсан байдаг бөгөөд 2005 оноос тоон мэдээллийн систем буюу цахим хувилбарт шилжүүлсэн.
О.УНДАРМАА