“Өөрийнхөө амьдралын замыг сонгох эрхтэй байна гэдэг бурхнаас бидэнд өгсөн агуу их боломж мөн. Үүнийг ашигла. Бүү алд” гэж хүний эрхийн хуульч М.Ичинноров “сургажээ”. Түүний хоёр дахь бүтээл “Үнэ цэнэ” номын нээлт өчигдөр тохиов.
“Бусдыг хайрлахын жаргал”, ”Итгэл”, “Талархал”, “Өөрийгөө хайрла”, “Бүтэлгүйтэл зарим даа бурхны бяцхан шивнээ байдаг”, “Үнэн бид нийг чөлөөлдөг” зэрэг ухаарал, хүндлэл, хайр, ахан дүүсэг харилцаа, итгэл найдвар, мөрөөдлийн тухай 22 өгүүлэл М.Ичинноровын номд багтжээ.
“Бид аз жаргал, хайрын тухай тэр бүр ярьдаггүй. Харин шударга ёсны тухай ярьдаг. Ардчиллын тухай бүр ч их ярьдаг. Хүн бүр ам булаалдан тогтолцооны гажиг, хуулийн цоорхой, системийн буруу гэж ярьдаг. Тэгвэл тогтолцоог хүн бүрдүүлж, систем хүнээс тогтож, хуулийг хүн л бичдэг.
Мөн шударга ёс, хуулийг хүн зөрчдөг. Тэгэхээр хувь хүний үнэ цэнэ, төлөвшлийн талаар ярьж, түүнд хувь нэмрээ оруулахыг хичээж энэхүү номоо гаргасан” хэмээн зохиогч ярив. М.Ичинноров амбийцтай гэсэн. “Дараагийн номоо Европын зах зээлд гаргахын төлөө ажиллана.
Агуу хүн мөрөөдлөө зарладаг гэсэн. Би тийм байхыг хүсэж мөрөөдлөө зарлаж байна” хэмээн номынхоо нээлтийн үеэр тунхаглав.
Э.ТӨР