Сүүлийн үед Монголд уран сайхны кино шил шилээ даран “мэндэлж”, мөхөх шахаж байсан кино урлаг сэргэж байна хэмээн үзэгчид талархаж буй. Харамсалтай нь зарим кино бүтээгч үзэгчдийн халаасан дахь мөнгөөр чанар муутай киног богино хугацаанд бүтээх болжээ. Үүний нэг нь даваа гаригт “Тэнгис” кино театрт нээлтээ хийсэн “Помогите нам 2” буюу “Хуваарьгүй нислэг” уран сайхны кино юм.
Киноны нэгдүгээр анги өнгөрсөн хавар нээлтээ хийж үзэгчдийн таашаалд нийцсэн. Гэхдээ кино бүтээгчид анхнаасаа хоёр ангит кино хийнэ гэж төлөвлөөгүй бололтой. Амжилттай болсон нэгдүгээр ангийнхаа нэр хүндээр дахин халаасаа түнтийлгэх санаа “хийсэж” явахаар нь шүүрч аваад “юу хийх вэ” гэж ярьж байгаад зохиол ч үгүй хоосон кино хийчихэж. Кино зохиолыг Даваахай буюу Ш.Даваадорж бичиж найруулсан гэнэ.
Эхний ангид 1990- ээд онд наймаа хийхээр ОХУ руу галт тэргээр явж байгаад хөглөсөн наймаачдын тухай өгүүлдэг. Харин хоёрдугаар ангид тэднийг дахин нэг удаа хамт байлгахаар шийдэж онгоцонд суул гачихаж. Харамсалтай нь тэнгэрт хүүхдийн тоглоом шиг онгоц нисгэж, үүнийгээ компьютер график ашигласан хэмээн сүржигнэх энэ киноноос үзэх зүйл байсангүй.
Мөн зургийн даргаар ажилласан Амбий буюу Ц.Батхуягийн хайхрамжгүйгээс болсон уу гавлуулсан хүн нь гавгүй болж, сүх нь далдын хар малгай өмсөөд дараалсан кадрт шилжчихээд байсан нь хачирхалтай. Утга агуулга гэх зүйлгүй, киноны хөгжимгүй, ашигласан компьютер график нь “баригдчихсан” ийм бүтээлээр кино урлагийн сан хөмрөгийг баяжуулах хэрэггүй л байна даа.
Ж.СЭЛЭНГЭ