Хэдхэн хоногийн өмнө АНУ болон дэлхийн бусад орон “Сүнсний баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Хүүхдүүд айл бүрийн үүдэнд очиж чихэр гуйдаг нь энэ баярын нэг уламжлал. “Сүнсний баяр”-ын үеэр багачууд бараг л жилийн хэрэгцээгээ хангахуйц чихэр цуглуулдаг.
Харин АНУ-ын шүдний эмч нар үүнд санаа зовниж, хүүхдүүдийн чихрийг хураах аян зохиожээ. Гэхдээ эмч нар хүүхдийн чихрийг хураахдаа мөнгө төлөх аж. Тэд 450 гр амттаныг нэг доллараар үнэлсэн байна. Дашрамд дурдахад, энэ баярын үеэр нэг америк хүүхэд 10 орчим кг чихэр цуглуулдаг гэсэн судалгаа бий.
Америкийн шүдний эмч нарын холбоо цугларсан нийт чихрийг буурай хөгжилтэй орнуудын хүүхдүүд рүү илгээх гэнэ. “Жилийн энэ үед америк хүүхдүүд өдөр шөнөгүй л чихэр иддэг. Энэ нь тэдний эрүүл мэндийг хэрхэн сүйтгэж буйг эцэг эхчүүд төдийлэн анзаардаггүй” хэмээн шүдний эмч нар ярьжээ.