Өнгөрсөн хавар соёл урлагийг дэмжих “Төгөлдөр” сангийн санхүүжилтээр “Нойрссон гүнж” сэрж, Монголын сонгодог урлагийн тайзнаа мөнх байх учиртай бүжгэн жүжгийн тоо нэгээр нэмэгдсэн. Энэ улиралд ч гэсэн “Төгөлдөр” сан гийнхан ДБЭТ-т тусалж “Шелкунчик” бүжгэн жүжгийн 150 гаруй хувцсыг шинэчилж эхэлжээ.
Шинэ жилийн баяраар театрын бяцхан үзэгчид хамгийн гоёмсог даашинзтай Клара, өнгөлөг дүрэмт хувцастай Цөмөөхэй нартай уулзах нь ээ. Түүнчлэн бямба гаригт тус театрын тайзнаа Ж.Пуччинийн “Богема” дуурь тоглоно. Энэ нь Италийн удирдаач Роберто Салвалаиогийн манай тайзнаа дохих сүүлчийн тоглолт юм.
Дөрвөн үзэгдэлт “Богема” дуурийг гавьяат жүжигчин М.Болд, С.Мөнгөнцэцэг, Н.Туяа, Р.Батболд, Э.Бумхүү, Ч.Түмэндэмбэрэл нар гоцлох юм байна. Дашрамд дуулгахад ирэх жил ДБЭТ-ын уран бүтээлчид А.Хачатуряны “Спартак” балетийг сэргээн тоглохоор төлөвлөж буй юм билээ.
Ж.СОЛОНГО