Занаду Арт галерейд маргааш Б.Орхонтуул, Б.Бадрал нарын хамтарсан “Зэргэлдээ” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Дүрслэх урлагийн салбарт өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн уран бүтээлчдэд Занаду Арт галерей үнэ төлбөргүй үзэсгэлэнгээ гаргах эрх олгодог ба тэд ч энэ эрхийнхээ дагуу арваннэгдүгээр сарын 11 хүртэл тус галерейд өөрсдийн уран бүтээлээ дэлгэх аж.
Зураач Б.Бадрал нь 2007 онд “Төгс мэдрэмжийн эрэлд-2”, 2008 онд олон улсын “Tiger Translate” уралдаанд тус тус тэргүүн байр эзлэн Лондон хотноо “Voyage” урлагийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан юм. Түүнчлэн тэрбээр энэ жил Монгол-Солонгосын хамтран зохион байгуулдаг уралдаанаас холимог техникийн төрөлд тэргүүн байрын шагнал авсан байна.
Харин зураач Б.Орхонтуул 2009 онд Монгол-Солонгосын хамтран зохион байгуулдаг уралдаанаас уран зургийн төрөлд, мөн оны “Төгс мэдрэмжийн эрэлд-3”, энэ жилийн “Tiger Translate” уралдаанд тус тус тэргүүн байр эзлэн, удахгүй эх орноо төлөөлөн урлагийн наадамд оролцохоор Лондон хотыг зорих гэж байна.