ДБЭТ-т ирэх бямба гаригт алдарт хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Богема” дуурь тоглоно. Зуны гурван сараас бусад амралтын өдрүүдэд байнга тоглолттой байдаг тус театрын тайзнаа 2004 онд анх соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбаатарын найруулгаар тавьсан дөрвөн үзэгдэлт эл бүтээлийг энэ удаа Италийн удирдаач Роберто Салвалаио дохих юм байна.
Анхны тоглолтыг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдаж, гол дүрүүдэд гавьяат жүжигчин М.Болд, соёлын тэргүүний ажилтан Ч.Түмэндэлгэр, Ц.Баттөр, Э.Бумхүү, Ө.Уянга, Н.Туяа нар тогложээ. Монголд зургаа дахь жилдээ эгшиглэж байгаа “Богема” дуурийн Мимигийн дүрд энэ удаа гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, түүний сэтгэлт залуу Рудольфт соёлын тэргүүний ажилтан Ч.Түмэндэмбэрэл тоглоно.
Дашрамд сонирхуулахад, “Богема” дуурийг 1896 анх Италийн Туриний театрт амилуулсан бөгөөд Артуро Тосканини удирдан тоглуулжээ.
Э.ХАНА