“Ийм том амьтан нарийхан утсан дээр явж чадах болов уу, уначихгүй байгаа” хэмээн үзэгчид түгшинэ. Өндөрт бэхэлсэн нарийхан олсон дээгүүр явж үзэгчдийг алмайруулдаг үзүүлбэрийг заан гүйцэтгэж, ийнхүү хүмүүсийг түгшээжээ.
Аварга биетэй заан 15 метр урт төмөр утсан дээр тэнцвэрээ тун сайн барьжээ. Энэ бол Тайландын Бангкок хотын “Safari world” амьтны хүрээлэнгийн “Олсон дээр явагч заан” үзүүлбэр юм. Тус хүрээлэнгийнхэн өнгөрсөн зуны турш ийм үзүүлбэрт заануудаа сургасан байна. “Заан хөлбөмбөг, сагс тоглож, мотоцикль унахыг харж байсан. Харин ийм үзүүлбэр хийж байгааг харах нь бүү хэл сонсож ч байсангүй.
Зүгээр л сонссон бол төсөөлөх ч үгүй байлаа. Гэтэл үнэхээр гайхалтай юм. Заан их чадварлаг амьтан байна” хэмээн үзэгчид ам булаалдан ярьжээ. Олсон дээр явагч зааны үзүүлбэр жуулчдыг их татаж байгаа ч амьтны эрх хамгаалагчдын эсэргүүцэлтэй тулгараад буй. Заан унаж бэртэх эрсдэлтэй, үхэж ч болох аюултай үзүүлбэрээ зогсоохыг “Safari world” амьтны хүрээлэнгийн удирдлагад тэд мэдэгдсэн аж.
Б.ОЮУТАН