Япон мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнд хүч үзэж буй бөхчүүдээс барилдааны ур чадвар, зан чанараараа олны хайрыг даадаг Харумафүжи Д.Бямбадорж удахгүй гэрлэж, гэр бүлийн амьдрал зохиох болсноо хоёр орны ард түмэнд дуулгаж, шуугиан тариад буй.
Тэрбээр хуримын зараа албан ёсоор тараахаар Японд хэвлэлийн бага хурал зарлаж хийлгэсэн. Ээж Мягмарсүрэн нь хүүгийнхээ хуримыг товлохоор Д.Бямбадоржийн ах улсын начин Д.Лхагвадорж, аймгийн начин Баасандорж нарынх нь хамт арлын орныг зорьжээ.
Харумафүжигийн гэргий болох бүсгүйг М.Баттуул гэдэг. Өдгөө Японы “Иватэ” их сургуулийн гуравдугаар дамжаанд суралцахын зэрэгцээ Гадаад оюутны холбооны дарга гэсэн албыг давхар хашдаг гэх мэдээлэл хэвлэлд гарсаар байгаа.
Юутай ч арлын орны ард түмний хайрыг эх орныхоо ард түмнээс дутуугүй татаж чадсан Харумафүжи ухаант аавынхаа “Миний хүү монгол бүсгүйтэй гэрлээрэй” хэмээн амьддаа захиж байсан “алтан” захиасыг нь биелүүлжээ.