1958 оноос хойш дөрвөн жил тутамд зохион байгуулдаг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн XIV наадмын шүүгч нарын нэр тодорчээ. Дэлхийн нэртэй хөгжимчид, дуулаачид өрсөлдөж, сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлдэг хөгжмийн олимпийг шүүх эрх хүссэн бүхэнд олддоггүй нэр төрийн хэрэг байдаг.
Тэгвэл ирэх оны зун болох наадмын шүүгчийн бүрэлдэхүүнд алдарт тенор Пласидо Доминго, Оросын сопрано Елена Образцова, Америкийн төгөлдөр хуурч Ван Клиберн нарын шилдгүүд багтжээ. Наадамд эгшиглэх бүтээлүүдийг Оросын Үндэсний оркестр, Санкт-Петербургийн филармонийн академик оркестр тоглох аж.
“Большой театр” засвартай байгаа учраас наадам Москва, Петербургийн театруудад болно хэмээн зохион байгуулагчид нь мэдээлжээ. Одоогийн байдлаар 120 уран бүтээлч оролцохоор мэдүүлгээ өгчээ. Дашрамд дуулгахад, эл наадмын оргил үеийг 1970-1980 он хэмээдэг бөгөөд энэ үед манайхаас Чулууны Чинбат, Гончигсумлаагийн Эрдэнэчимэг, П.Доржпагма нар оролцож байсан түүхтэй.
Ж.ЭРДЭНЭ