Хүүхэд залуучуудын театр байгуулах шийдвэр 60 жилийн тэртээ гарсныг ахмад уран бүтээлчид нь дурсан ярьдаг. Харин нэгэн жарны түүхтэй энэ театрын байр үгүй болж, менежментийн хувьчлал гэсэн тодорхойлолтоор хувийн өмч болон хувирсан.
Улмаар тус театр түүх болон үлдэж, олон уран бүтээлч өдгөө дурсамж төдий зүйлтэй хоцорсон билээ. Төрийн шагналт Ц.Цэгмэд агсны нэрэмжит тус театрын жүжигчид болон тайз засагч, гэрэлтүүлэгч нарын 80 гаруй уран бүтээлч уржигдар уулзалт зохион байгуулжээ. Ц.Цэгмэд агсны нэрэмжит хүүхдийн жүжгийн уралдааны шилдгүүдэд шагнал гардуулахын зэрэгцээ хамт олноо нэг дор цуглуулах санаачилгыг “Хүүхэд хөгжил” төвийн захирал н.Энхбат гаргажээ.
Хүүхэд залуучуудын театр 1951 оны аравдугаар сард “Цасан хүү” жүжгээр анх хөшгөө нээж байсан юм. Тийм учраас уран бүтээлчид ирэх онд 60 жилийн ойгоо тэмдэглэн ном хэвлүүлж, МҮОНТ-ээр баярын нэвтрүүлэг гарган, уран бүтээлийн цэнгүүн хийхээр төлөвлөөд байгаа юм билээ.
Тун удахгүй жүжигчид ойн баяр тэмдэглэх комиссын гишүүдээ сонгох гэнэ. Уулзалтад УДЭТ-ын захирал З.Цэрэнсамбуу, ардын жүжигчин Н.Сувд нар оролцож Хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид болон ажилчдыг “Хунгийн дуу” жүжгийн хаалтын тоглолт үзэхийг урьсан аж.
С.СЭРГЭЛЭН