ҮДБЭЧ-ын тайзнаа танил дотно аялгуу эгшиглэн “Туулын урсгал шөнөдөө сайхан Торгон долгио хаялан мяралздагсан...” хэмээн уянгалуулж байна. 1960-1970-аад оноос цуурайтсан алдартай аялгуунууд өдгөө хүртэл хөвөрсөөр л. Монголын болоод дэлхийн урлагийн оргил үеийг энэ цаг үетэй холбон үздэг юм билээ. 1960-1970-аад онд Монголын урлагийн тайзнаа дуу хуураа өргөж, ард түмнээ хөглөн, алтан үеийнхний гараар хүмүүжсэн “охид залуус” тайзнаа эргэн ирлээ.
Тэд өнөөдөр орой ард түмэнтэйгээ уран бүтээлээрээ учран золгох юм. ҮДБЭЧ байгуулагдсаны 60 жилийн ой тохиолдуулан ахмад уран бүтээлчид нэгдэн “Сүлдэнд мөнхөрсөн алдартнууд” тоглолт хүргэхээр бэлтгэсэн нь энэ. Ардын жүжигчин Ч.Батсайхан, А.Нэргүй, Д.Самбуу, урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүндэд, П.Дагважамц, гавьяат жүжигчин П.Идэрбат, Г.Явгаан, Ц.Өлзий-Орших, Д.Баттөмөр, Н.Надмид, Д.Хоролсүрэн, Ж.Боорай, С.Цэрэннадмид, Л.Алтангэрэл гээд энэ тоглолтод оролцож байгаа алдартныг нэрлэвэл 100 хол давах биз ээ. 1969 онд ҮДБЭЧ-тай амьдралаа холбосон гавьяат жүжигчин Г.Явгаан энэ тоглолтыг санаачлан зохион байгуулж байгаа юм. Олон жилийн өмнөөс төлөвлөн ажил болгосон нь энэ аж.
Тэд өнөөдөр хоёр дахь удаагийн тоглолтоо хийчихээд орон нутагт аялан тоглох бэлтгэлээ базаана. Ард түмнийхээ хүсэлтээр энэ сарын 24, 25-нд Дархан-Уул, 26-нд Орхон аймагт тоглохоор товоо гаргажээ. “Сүлдэнд мөнхөрсөн алдартнууд” тоглолтыг найруулж байгаа Г.Явгаан гуай үеийн нөхдөдөө урам хайрлахын зэрэгцээ тайз, гэрлийн ажилтнуудад хатуу даалгавар өгч зогсох нь аргагүй л соц нийгэмд хүмүүжсэн хариуцлагатай ажилтныг санагдуулна. Гавьяат жүжигчин Ц.Чимэдцэрэн “Биелгээ холбоо” бүжгээ хийж, 40 жилийн өмнөх эмэгтэй бүжигчид анхны тоглолтоороо найруулагчийнхаа сэтгэлийг хөдөлгөж орхисон. Хөнгөн санаа алдан, басхүү сэтгэлдээ догдлол, баяр зэрэгцүүлсэн ахмадууд үдшийн тоглолтдоо бэлтгэж байлаа.