ЮНЕСКО энэ сарын 15-18-нд Кенийн нийслэл Найробид болох хуралдаанаараа биет бус соёлын өвийн асуудал хэлэлцэх гэж байна. Одоогийн байдлаар 31 орон биет бус соёлын өвөө танилцуулаад байгаа аж. Хятадууд Мешреп баяр, хорватчууд ардын дуугаа яаралтай хамгаалах шаардлагатай соёлын өвд бүртгүүлэхээр зорьж байгаа гэнэ.
Харин хүн төрөлхтний биет бус соёлын өвд азербайжанууд хивс, Бельги улс Алостагийн багт наадам, гал, талхны баяр, Хятад зүү төөнүүр, Бээжингийн дуурь, Колумб маримба хөгжим, Испани фламенко бүжиг, Сибиллагийн дуу, Франц хоол хүнсний урлаг, Энэтхэг Чхау бүжиг, Ражастан, Кальбель мужийн ардын дуу бүжиг, Индонез ангклунг хөгжим, Иран Хорасаны ая дуу, хивс, Япон торгон эдлэл, Окинавагийн хөгжмийн театр, Оман Дхофар хөндийн ардын дуу, Чех Глинецкогийн баярын баг, БНСУ Даемокьянг хэмээх эртний барилгын урлаг, уянгын дуу, Турк Киркпинарын бөхийн барилдаан, Вьетнам Гионг баяр наадмаа бүртгүүлэхээр танилцуулаад байна.
Манай улс энэ удаа Үндэсний наадам, хөөмийгөө биет бус соёлын өвд бүртгүүлэх гэж байгаа аж. Улс орнууд тухайн зүйлийнхээ талаар аудио, видео болон бичгээр танилцуулсны дараа олонхийн саналаар соёлын өвд бүртгэх эсэхийг шийднэ. Мөн Саудын Араб, Бельги, БНСУ, АНЭУ, Испани, Франц, Монгол, Марокко, Катар, Словак, Сири, Чех улс шонхрын анг хүн төрөлхтний өв хэмээн бүртгүүлэх гэж байгаа мэдээ байна.
М.СУГАРАА