Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Медиа технологийн тэнхим оюутны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг” наадам зарласан. Их, дээд сургуульд сэтгүүл зүйн чиглэлээр суралцдаг оюутнууд сонин, телевиз, радиогийн нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн, уг уралдаанд оролцох боломжтой.
Ирээдүйн чадварлаг сэтгүүлчдийг бэлтгэх, авьяас чадварыг нь нээн илрүүлж, онолын мэдлэгийг практик үйл ажиллагаатай холбох зорилготой “Алтан үзэг” наадам цаашид уламжлал болох аж. Уралдаанд ирүүлэх бүтээл нь ярилцлага, тэмдэглэл, сурвалжлага, найруулга гээд бичлэгийн аль ч төрөл зүйлийг хамарч болно. Түүнчлэн утга санаа тодорхой, бодит үнэнд нийцсэн, хэн нэгний нэр хүндэд халдаагүй байх шаардлага тавьж байгаа.
Сэтгүүл зүйн салбарын мэргэжилтэн, багш нар бүтээлүүдийг агуулга, хийц, мэргэжлийн ур чадварын талаас нь шүүнэ. “Алтан үзэг” наадамд оролцох бүтээлийг ирэх сарын 3-ныг хүртэл хүлээж авч, 10-нд шилдгүүдийг шалгаруулах юм байна. Нийт бүтээлээс нэгийг шалгаруулж, гран при өргөмжл өл, 300.000 төгрөгөөр шагнана. Мөн нийтлэл, телевиз, радио гээд ангилал тус бүрт гурван байр эзлүүлэх юм.
Б.ЭГШИГ