Sweetymotion хамтлаг 2000 онд “Анхны бороо шөнө ордог” нэртэй анхны бие даасан цомгоо гаргаж байсан бол өдгөө таван цомогтой болжээ. Тэдний “Яагаад” цомгийнх нь таван дуу шилдэг дууны жагсаалтыг тухайн үедээ тэргүүлдэг байсан. Энэ цомгоо “Why” хэмээн нэрлэж, англи хэл дээр хэвлүүлж, Европ, Хойд Америк, Азийн орнуудаар аялан тоглосон билээ.
БНХАУ-ын Шанхай хотод жил бүр зохиогддог Азийн олон улсын наадамд 2003 онд оролцож, “Хамгийн ирээдүйтэй хамтлаг” шагналыг хүртсэн тэд рок попын урлагийн тавцанд авьяас билгээ сорихоор АНУ-ыг зорьсон. Өнгөрсөн долдугаар сард Монголдоо хөл тавьсныхаа дараахан “Sweetymotion” цомгоо гаргаж, удтал хүлээсэн фэнүүдээ баярлуулсан.
Тус хамтлагийнхны алсын Америкт амилуулсан “Санахын аялгуу”, “Өөрөө чамаас явлаа” “You`re so sexy” дуунууд нь телевизийн хөгжмийн сувгуудаар цацагдаж, FM paдиогийн хитэд тэргүүлсээр байгаа. Тэр дундаа “Санахын аялгуу” дуу нь youtube сайтад тавигдсанаас хойш таван сарын дотор 60 гаруй мянган хандалттай болсон аж. Өдгөө залуусын сэтгэлийг “You`re so sexy” дуу хамгийн ихээр татаж буй.
Тус хамтлагийнхан фэнүүддээ зориулан, хүний нутагт юу сурч, мэдсэнээ харуулахаар P&B, амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлсэн “Number one” хэмээх халуухан тоглолтоо АСА циркт энэ сарын 19-20-нд толилуулна.