Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Дунбүрээгийн 1960-аад оноос өнөөг хүртэл бүтээсэн 60 гаруй зургийг багтаасан шинэ үзэсгэлэн нээгдээд удаагүй байгаа билээ. Энэ сарын 18 хүртэл үргэлжлэх ахмад уран бүтээлчийн үзэсгэлэнтэй залуу зураач С.ЭнхАмгалангийн “Мэдрэмж 3” үзэсгэлэн баасан гаригт “айлсав”. Тэрбээр “Мэдрэмж”-ээ 2005, 2008 онд үзэгчдэд толилуулж байсан юм.
Зураач Г.Дунбүрээ 1960-аад оны сүүлч үед чөлөөт сэтгэлгээний хийсвэр арга барилаар уран бүтээлээ туурвиж “хөрөнгөтний урлаг сурталчилсан” хэмээн шүүмжлүүлэн, үзэсгэлэн гаргах эрхээ хасуулж явсан гэдэг. Уран зураг сонирхогчид түүнийг “1О ямаа”, ”Монгол транс”, “Фронтод”, “Хүрээ Майдар”, “Дөрвөн уулын савдаг”, “Бурхдын орон” зэрэг түүхийн болон ард түмнийхээ амьдралаас судлан бүтээсэн өвөрмөц зургуудаар нь сайн мэддэг.
Тэр ч бүү хэл Г.Дунбүрээгийн бүтээлүүдийг гаднын урлаг сонирхогчид шимтэн үзэж, өдгөө АНУ, ОХУ, Чили, БНСУ, Франц, Япон, Вьетнам зэрэг орны музей болон хувийн цуглуулагчийн санд бүтээл нь хадгалагдаж байгаа аж. Залуу зураач С.Энх-Амгалан ч модерн чиглэлээр уран бүтээлээ туурвидаг ба “Мэдрэмж 3” үзэсгэлэнд сүүлийн жилүүдэд туурвисан 50 гаруй бүтээл нь тавигдсан байна.
Эдгээр зургийн олонхид Монгол орны уудам тал, гол горхи, ноён оргилыг шинэлэг хэв маягаар буулгажээ. Тэрбээр АНУ, Итали, БНСУ, Япон, ХБНГУ, Францад үзэсгэлэнгээ гаргажээ. Дашрамд дуулгахад, Монголын уран зургийн галерейд Азийн орчин үеийн урлагийн 25 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн хоёр сарын өмнө нээгдсэн бөгөөд гурав хоногийн дараа хаалтаа хийнэ.
Азийн 12 орны 140 гаруй мэргэжлийн зураач, уран бүтээлчийн шилдэг бүтээлийг дэлгэсэн үзэсгэлэн сүүлийн өдрүүдэд уран зураг сонирхогчдод онцгой боломж олгон 50 хувийн хөнгөлөлттэй тасалбараар үйлчлэх юм билээ.
С.СЭРГЭЛЭН