Номд шимтэгчдийн хүсэн хүлээдэг арга хэмжээний нэг болох “Номын яармаг 2010” өнгөрөгч 11-нд амжилттай болсон. Зохиолчид шинэ бүтээлээ танилцуулж, номын санчид тулгамдсан асуудлынхаа талаар хэлэлцэн, ховор номыг дуудлагаар худалдсан уг арга хэмжээнд орон нутгийн номын сангийнхан ирсэн тул урьд жилүүдийнхээс өргөн хүрээтэй байлаа.
Энэ удаагийн яармагт арваад зохиолч номын эхээ хэвлэлийн газарт худалдах санал тавьснаас зохиолч, сэтгүүлч Б.Цэдэндамбын “Гилбэрийн хатан” эсээ романы гар бичмэл оролцогчдын анхаарлыг багагүй татаж, “Сэлэнгэ пресс”-ийнхэн танилцахаар болжээ. Түүнчлэн энэ үеэр 100 жилийн түүхтэй модон барын хэвлэ лийн дардас, уран бичлэгийг дэлгэсэн үзэсгэлэн гарлаа.
Ховор номын дуудлага худалдаанд 30 гаруй бүтээл саналаа ирүүлснээс “Төвд хэл бичгийн сурах бичиг”, “Манж номын гарчиг” зэрэг зургаан ном зарагдлаа. Мөн энэ үеэр орон нутгийн номын сангуудад “Аз хур”, “Бэмби сан”, “Содпресс”, “Сэлэнгэпресс”, “Цалиг”, “Равжаа медиа”, “Болор судар”, “Соёмбопринт”, “Битпресс”, “Ирмүүн” зэрэг хэвлэлийн газар, хэвлэх үйлдвэрүүд 10 гаруй сая төгрөгийн ном хандивлав.
О.УНДАРМАА