Монгол ардын бүжгийн хэмнэл, дэгийг гайхуулах ҮДБЭЧ-ын бүжигчид, барууны шоу тоглолтын онцлогийг мэдрүүлэх америк бүжигчид, хөгжимчид, циркийн акробатчид нэгэн тайзнаа цуглах гэж байна. Дорнын соёлыг барууны шоугаар хачирлах уг тоглолтын нэр “Number one”.
АНУ-д долоон жил ажиллаж, амьдран уран бүтээл туурвисны эцэст “Sweetymotion” хамтлагийнхан хэрхэн боловсорсноо элэг нэгтнүүддээ ийн тайлагнах гэж байна. Энэ сарын 19, 20-нд болох тоглолтын бас нэгэн зорилго нь үндэсний урлагаа барууны хөгжимчин, бүжигчдэд сонирхуулж, эх орноо сурталчлах хэмээн өчигдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр тус хамтлагийн менежер Б.Чинбат өгүүллээ.
Тоглолтын найруулгыг “Херо энтертайнмент” хариуцан ажиллаж байгаа бөгөөд тус хамтлагийнхан “Emotion” цомогтоо багтсан дуунууд болон “Цэнхэр дэлгэц” баярын нэвтрүүлгийн сэтгэлд хоногшсон дуунуудаар үзэгчдэд бэлэг барих аж.
У.ТЭНҮҮН