МАХН-ын төв хорооны их хурлын индэр дээрээс төр засгийн бурангуй үзлийг шүүмжилснийхээ төлөө “Намын эсрэг бүлгийн толгойлогч” гэх нэр зүүж, хэлмэгдэж явсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Лоохуузын тухай дурсамж ном хэвлэгдэн уншигчдын гар дээр очжээ.
Улсын анхны үндсэн хуулийг батлалцаж, Ерөнхийлөгчид нэр дэвшин, Хүний эрхийн комиссын анхны даргаар ажиллаж байсан түүний тухай олны танил эрхмүүдийн яриа болон өөрийнх нь ярилцлага, түүхэн баримтыг С.Баатар эмхтгэж гаргаж байгаа нь энэ аж.
“Ойр гишгэж, хол харж явъя” хэмээн ярилцлагадаа дурдаж байсан түүний ишлэлээр овоглосон номын баяр бусдаас өвөрмөц болох гэнэ. Намтар түүх баян ная шүргэж буй буурайн тухай ном анх удаа хэвлэгдэж байгаа тул тэрбээр уншигч олонтойгоо хамт номын хуримаа хийж, ирсэн зочдод гарын үсэг бүхий номоо бэлэглэхээр төлөвлөж байгаа гэсэн. Уг баяр энэ сарын 20, 21-нд УИД-ийн зургадугаар давхарт байрлах “Мир” номын дэлгүүрт болох аж.