Сармагчин шархадсан, бэртсэн үедээ гаднын тусламжгүй өөрийгөө эдгээдэг онцгой чадвартай болохыг Америкийн Калифорнийн их сургуулийн эрдэмтэд нээжээ. Амьтны хүрээлэн дэх сармагчингууд гэмтэж, бэртсэн үедээ их арчилгаа, эм тан шаардахгүй түргэн эдгэрч байсныг тэд анзаарсан байна. Ингээд мэдрэлийн эсүүдийн нь 60 хувь гэмтэж, нуруу нугасны бэртэлтэй болоод удаагүй сармагчингуудыг судалсан аж.
Тэдгээр амьтанд судалгааны явцад ямар нэгэн эм өгч, халамжлаагүй. Гэсэн ч 24 долоо хоногийн дараа сармагчингууд цоо эрүүл болж, мод хашлага дамжин дэггүйтэх болсон гэнэ. Эрдэмтэд сармагчны нугас, мэдрэлийн тогтолцоог судалсан байна. Сармагчны нугас дахь мэдрэлийн эсүүд “гэмтсэн” гэсэн дохиог тархи руу илгээдэг гэнэ.
Тархи уг дохиог төв мэдрэлийн системд дамжуулна. Ингээд сармагчны биед мэдрэлийн эсүүдийн харилцаа холбоо явагдаж, гэмтсэн эсүүдийг сэргээж, эрүүлжүүлдэг ажээ.
Б.ОЮУТАН