60 жилийн түүхтэй дэлхийн мэргэжлийн үсчин, гоо сайханчдын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-8-нд Францын нийслэл Парис хотноо болж өндөрлөсөн. Үс засалт, нүүр будалт, хумс засал, боди арт гэсэн төрлөөр шилдгүүдийг шалгаруулдаг уг тэмцээн хоёр жилд нэг болдог бөгөөд энэ удаа 55 орны 800 гаруй мэргэжлийн үсчин, гоо сайханч ур чадвараа сорьсон байна.
Манайхаас арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тус тэмцээнд оролцоод иржээ. Энэ талаар тодруулахаар “Видал” салоны үсчин Н.Алтаншагайтай холбогдлоо.
-Парист болсон дэлхийн мэргэжлийн үсчин, гоо сайханчдын аварга шалгаруулах тэмцээнд манайхан хэр амжилттай оролцов?
-Хэдийгээр шагналт байрт ороогүй ч өмнөх амжилтаа ахиулсан. Манай үсчин, гоо сайханчид уг тэмцээнд хоёр дахь удаагаа оролцсон. 2006 онд Москвад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олон хүний бүрэлдэхүүнтэй оролцож, эмэгтэй үсчид багаараа наймдугаар байрт шалгарч байлаа. Харин энэ удаа дөрвөн үсчин, хоёр гоо сайханч, хоёр шүүгч болон албаны бусад хүн явсан. Би эрэгтэй үс засалтын хоёр төрөлд оролцсоноос нэг төрөлд нь есдүгээр байрт орсон.
-Тэр төрөлд нийт хэдэн үсчин өрсөлдсөн бэ?
-48 үсчин өрсөлдсөн.
-Энэ жилийн тэмцээн ямар онцлогтой болов.
-Жил бүр үс засах болон нүүр будах гээд бүхий л төрөлд өнгөний сонголт, техник нь өөрчлөгддөг. Тэр өөрчлөлтийг хэр мэдрэмжтэй анзаарч, гүйцэтгэж байгаагаас нь шалтгаалан дүгнэдэг. Техникийн хувьд төрөл бүртээ өөрийн онцлогтой. Харин өнгөний хувьд энэ жил цайвар болон улбар, байгалийн өнгө давамгайлж байна. 2008 онд Чикагод болсон тэмцээнд визний асуудлаас болоод оролцож чадаагүй юм. Манай оролцогчид тэмцээн алгассанаас шалтгаалан техникийн хувьд хоцорсон зүйл их анзаарагдсан.
О.УНДАРМАА