ОХУ-ын Байгалийн чанадын Санага тосгонд манай дархан аварга Дарийн Дамдины нэрэмжит буриад бөхийн тэмцээн болжээ. Анх удаагаа болсон уг тэмцээнд манай бөхчүүд оролцсон байна. Буриадын “Ариг Ус” радио телевизийн компанийн сайтад мэдээлснээр “Дарийн Дамдин бол Монголын “Их наадам” үндэсний баярын таван удаагийн аварга. Тэрбээр Монгол Улсын баатар бөгөөд дэлхийн арван хүчтэний тоонд багтдаг байв.
1961 онд Д.Дамдин 362.5 кг жинтэй хүндийг өргөж, Монголын амжилт тогтоож байлаа. 30 жил циркт хүчний үзүүлбэрийн гайхамшгийг үзүүлсэн түүний гавьяаг үнэлж, гавьяат жүжигчин цолоор шагнасан байна. Тэмцээнд оролцохоор ирсэн Монголын багийн дасгалжуулагч Зандан “Д.Дамдин өөрийгөө буриад хүн гэж үздэг төдийгүй үргэлж буриадаар ярьдаг байсан. Үнэхээр агуу хүн байлаа.
Бид түүний нэрэмжит тэмцээнд оролцож байгаадаа баяртай байна” хэмээн ярьжээ. Тэмцээний үнэмлэхүй жинд Байгалийн чанадын нэрт бөх Ринчин Санжиев түрүүлж, Батор Цыренов үзүүрлэжээ. Харин 75 кг-ын жинд манай бөх Энхжаргал түрүүлэн, уран барилдааны тусгай шагнал авчээ. Үзүүр түрүү бөхчүүдийг хурдан хүлгээр мялааж, Дамдин аваргын нэрэмжит тэмцээнийг уламжлал болгон явуулахаар болсон байна.
М.СУГАРАА