Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг ДОХ-той тэмцэх өдөр дуучин Элтон Жон мэргэжлээ сольж, Британийн “The Independent” сонины редактороор ажиллаж тусгай дугаар гаргах болжээ. Дэлхийн сая сая хүний амийг авч одож байгаа эл өвчинд дэлхий нийтээрээ анхаарахыг сануулах зорилготой уг арга хэмжээний хүрээнд ганц өдөр л ийнхүү редакторын үүрэг гүйцэтгэх бөгөөд эл өдрийн дугаарын борлуулалтаас олох орлогыг дуучны байгуулсан ДОХ-ын эсрэг санд хандивлах аж.
Элтон Жон тус сонины ерөнхий редактор Саймон Келнерийг нэг өдөр орлон, ажлыг нь хийснээрээ нэртэй улстөрчид, бизнесийн хүрээнийхнийг татах зорилготой гэнэ. Хамгийн сонирхолтой нь, энэ өдрийн дугаарт дэлхийн нэртэй одод ДОХ-ын тухай мэдээ, мэдээлэл бэлтгэн, нийтлүүлэх юм байна. Дашрамд өгүүлэхэд, “The Independent” сонины 2006 оны арванхоёрдугаар сарын 1-ний дугаарыг “ерөнхий редактор” Боно онц дүнтэй эрхлэн гаргажээ.
“U2” хамтлагийн дуучин тэрбээр ДОХ өвчинд нэрвэгдсэн африкчуудын зүг дэлхийн анхаарлыг татаж чадсан бөгөөд уг сонины тэр өдрийн дугаар 70 мянган ширхэг борлогдсон байна. Тус редакцаас иймэрхүү арга хэмжээ байнга зохион байгуулдаг бөгөөд 2006 оны есдүгээр сарын 21-ний дугаарыг алдарт Жорж Армани эрхлэн гаргажээ.
Ж.ЭРДЭНЭ