Дэлхийн биет бус соёлын өвөөр бүртгэгдсэн бий биелээчдийн улсын уралдаан болох гэж байна. Монгол бүжгийн суурь болсон бий биелгээг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчлах, ардын урлагийн өв санг баяжуулах, бий биелгээний арга барил, дэг сургуулийг залууст өвлүүлэн үлдээх зорилгоор БСШУЯ, Соёл, урлагийн хороо, Монголын язгуур бий биелгээ өвлүүлэх холбоо, Монголын бүжгийн урлагийн зөвлөл, “Бий-биелэг” холбоо, Бий биелгээ шавь сургалтын төв хамтран зохион байгуулж байна.
Арванхоёрдугаар сарын 4-5-нд Улсын филармонид болох уралдаан гоцлол, хамтлаг, бага насны гэсэн гурван ангиллаар хоёр шаттайгаар болох юм. Бүртгэл энэ сарын 26 хүртэл үргэлжлэх бөгөөд оролцогчдод нутгийн уламжлалт онцлогоо харуулсан биелгээг биелэх, ястан, үндэстнийхээ онцлогийг илэрхийлсэн хувцастай, мэргэжлийн бус хүмүүс байх, үзүүлбэрийн үргэлжлэх хугацаа таван минутаас ихгүй байх гэсэн шаардлага тавьж байгаа аж.
Түүнчлэн энэ үеэр шилдэг бий биелээчээс гадна үндэстэн, ястныхаа онцлогийг илтгэсэн хувцастай шилдэг биелээч, шилдэг ая тоглуулагчийг шалгаруулна.
О.УНДАРМАА