Монголын хөгжмийн ертөнцийн уламжлалт нэгэн баяр бол “Virtuoso” гала тоглолт билээ. “Агаар мюзик” төвөөс санаачлан, зохион байгуулдаг уг арга хэмжээ хөгжмийн уран бүтээлчдийн оны шилдгийг шалгаруулдаг онцлогтой. “Virtuoso-2010” тоглолт ирэх сарын 2-нд Улсын филармонид болох юм.
Энэ удаагийн тоглолтод оролцох уран бүтээлчдийг тодруулахдаа “Монголын хөгжмийн индэр” байгууллагатай хамтарч, урлаг судлаач, хөгжим судлаач, хөгжмийн зохиолч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, “Virtuoso” тоглолтын байнгын үзэгчдийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй комиссоор дүгнэлт гаргуулан шалгаруулжээ.
Ес дэх жилдээ болох энэ жилийн шилд гүүдийн жагсаалтад ХБК-ийн багш Б.Зоригт ахлагчтай цохивор хөгжмийн чуулга, Өсвөрийн морин хуурчдын улсын V уралдааны гран при шагналт А.Балжинням, Төрийн шагналт Г.Жамъяны нэрэмжит мэргэжлийн морин хуурчдын улсын III уралдаан болон Морин хуурчдын олон улсын II их наадамд тэргүүлсэн СУИС-ийн багш, морин хуурч П.Тэмүүжин, АНУ-д болсон өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдааны тусгай байрын шагналт Болормаа нар багтжээ.
Мөн дэлхийн шилдэг хөгжимчдийн оркестрт багтаж, ХБНГУ-ын Морецбургийн олон улсын наадам, Европын Парламентын танхимд Монголыг сурталчлах өдөрт оролцон тоглосон хийлч, ХБК-ийн оюутан Г.Тамир, виолончель хөгжимчин Т.Энхмаа нар Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдааны ахлах насны ангиллын тэргүүн байрын амжилтаараа “Virtuoso” гала тоглолтод гурав дахиа “тоосоо өргөнө”.
Түүнчлэн НьюЙорк дахь НҮБ-ын төв байранд болсон Азийн шилдэг оркестрантуудын симфони найрал хөгжимд эх орноо төлөөлсөн ДБЭТ-ын хийлч Ц.Мөнхболд, гоцлооч С.Мөнгөнцэцэг нар энэ удаа таны сонорыг мялаана. Дашрамд дуулгахад, С.Мөнгөнцэцэг “Шанхай экспо- 2010”-ын соёлын арга хэмжээнд ая дуугаа өргөсөн билээ.
Ж.ЭРДЭНЭЦЭЦЭГ