Буруу үйл хийж, баларсан нэгнээ бид “нохойн замаар орсон” гэж ярьдаг. Тэгвэл зураач А.Батбаяр “Тайлбарлалтгүй” хэмээх номдоо “хүний замаар орсон” нохдыг үзүүлжээ. Өмч хувьчлалаар өчнөөн яс цуглуулан баяжигч, эрих эргүүлж, маань уншсан үзмэрч, хүзүүнээсээ оосорлуулж, хошуувч зүүсэн чөлөөт хэвлэлийн төлөөлөгч, албан тушаалын бялуу хуваах эрх мэдэлтэн, гинж гархи болсон рокер, сээтэн хаях хүүхэмсэг гээд 160 гаруй “хүншсэн” нохойг дүрсэлжээ.
Монгол нохойн сайн шинж нь дөрвөн нүдтэй, улаан халтар зүстэй, зүрх цагаан, банхар хошуутай, сахлаг том биетэй хэмээн тодорхойлогддог. Тэгвэл өнөө цагт эдгээр шинжийг агуулсан нохой цөөрчээ. Харин харь газрын, өөр өөр үүлдрийн цустай эрлийз нохой олширсон. Үүнтэй адил хүмүүс бас зан төлөв, ааш араншингийн хувьд эрлийзжсэнийг харуулахыг зорьсон аж.
“Ганцхан зүйлийн дүрсээр дамжуулан түмэн санаа гаргасан энэ зураач хэлбэрийн талд ч, шог зургийн гүйцэтгэлийн хувьд ч Монголын шог зурагт анхдагч бөгөөд шинэлэг” хэмээн урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Байды номын өмнөтгөлд бичжээ. Түүний хэлснээр А.Батбаярын бүтээлүүд шог зургийн төрөлд анхдагч төдийгүй, далд дүрслэл, гүн гүнзгий утга агуулгаараа онцгой аж.
Б.ЭГШИГЛЭН