
Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатартай ярилцлаа.
-Шүүхийн ёс зүйн хороонд жилд хэчнээн гомдол ирдэг вэ?
-Шүүхийн ёс зүйн хороонд жилд 350 орчим шүүгчтэй холбоотой 250 орчим гомдол мэдээлэл ирдэг. Нэг шүүгчтэй холбоотой хоёр гомдол ирж болно. Тиймээс 350 шүүгч гэдэг давхардсан тоо. Нийт гомдлын 80 хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийддэг. Үлдсэн 20 хувьд сахилгын хэрэг үүсгэдэг. Гэхдээ 2019 оны аравдугаар сарын 27-нд Шүүхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дууссан. Түүнээс хойш бүрэлдэхүүн бүрдээгүй тул шүүгчтэй холбоотой гомдол маргааныг шийдэж чадахгүй гацаанд орсон.
-Хаана хаанаас гишүүн санал болгоогүй байгаа юм бэ?
-Шүүхийн ёс зүйн хорооны бүрэлдэхүүн хуралдаж гомдол маргаан шийдэх эрх зүйн үндэс байхгүй болчихсон. Өнгөрсөн оны шийдвэрлээгүй гомдол энэ жилийнхтэй нийлээд 179 болсон. Монголын хуульчдын холбооны гурав, ХЗДХЯ-наас хоёр гишүүн томилогдсон. Одоо анхан болон давж заалдах шатны шүүгчдийн зөвлөгөөнөөс хүмүүсээ нэр дэвшүүлэх ёстой. Шүүгчдээс нэр дэвшүүлдэг журмыг хууль бус гэсэн гомдол гарсан учраас шүүхийн шатанд хянаж байна. Мөн улсын дээд шүүхээс нэр дэвшүүлэх ёстой.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Шүүхийн сахилгын хороо байгуулах болсон. Энэхүү Сахилгын хороог байгуулбал орон тооны бус гишүүдтэй Шүүхийн ёс зүйн хороог татан буулгах уу?
-Үндсэн хуульд зааснаар Шүүхийн сахилгын хороо байгуулахаар болсон. Тодорхой хэлбэл, шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилсан. Мөн шүүхийн тухай асуудалд энэ хорооны бүтэц зохион байгуулалтын ажлыг нарийн тусгах ёстой. Шүүхийн тухай багц хууль хэлэлцүүлгийн шатандаа яваа. Ерөнхийлөгч болон ХЗДХЯ-наас Шүүхийн тухай багц хуулийн төсөл боловсруулсан шүү дээ. Шүүгч, судлаачид хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт Шүүхийн сахилгын хороог хэрхэн байгуулах тухай саналаа өгсөн. Байгуулсны дараа ёс зүйн хороо чиг үүргээ сахилгын хороонд шилжүүлнэ.

-Удахгүй Шүүхийн сахилгын хороо байгуулах болохоор байгууллагууд хүнээ нэр дэвшүүлэхгүй байгаа юм биш үү?
-Тийм, яг одоо шилжилтийн үе тохиож байна. Шүүхийн тухай багц хуулийн төслийг баталчихвал Шүүхийн сахилгын хороо байгуулна. Тиймээс хуульчид Шүүхийн ёс зүйн хорооны орон тооны бус албыг сонирхохгүй байгаа нь үнэн. Орон тооны бус ч гэлээ Шүүхийн ёс зүйн хорооны гишүүд маш их завгүй ажилладаг. Шүүхийн сахилгын хороо байгуулчихвал хуульчид байнгын орон тоонд ажиллана.
-Шүүгчид мэргэжлийн алдааг ёс зүйн алдаанаас ялгаж салгадаггүй хэмээн их шүүмжилдэг. Энэ тухайд юу гэж хариулах вэ?
-Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа Шүүгчийн ёс зүйн дүрэмд зааснаар шүүгчийн мэргэжлийн алдаанд ёс зүйн хариуцлага хүлээлгэдэггүй. Мэргэжилтэй нь холбоотой асуудлыг тусдаа байгууллага шалгадаг байх ёстой. Шүүхийн ёс зүйн хороо мэргэжлийн алдаанаас бусад асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг. Тухайлбал, шүүгч зохисгүй байдал гаргасан, хууль илт зөрчсөн, хэргийн нэг талд үйлчилсэн гэх гомдол түлхүү ирдэг. Бүр тодруулбал, шүүгч машинаа зарсан, тухайн үнэлгээгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ зөрүүтэй бичсэн нь нотлогдвол сахилгын шийтгэл ногдуулдаг.