Хүйтний ам наашлахтай зэрэгцэн хөлбөмбөг сонирхогчдын бэлтгэл хийх боломж хумигддаг. Харин Т.Тэлмэнгийнх цас, бороо гээд цаг агаарын ямар ч нөхцөлийг үл хайхран бэлтгэл базаах боломжтой. Зай талбай, олон тоглогч шаардахгүй эл спортын төрөл хотжилт, хүн амын төвлөрөлттэй холбоотой үүссэн. Мянга гаруй жилийн түүхтэй атал манайд таван жилийн өмнөөс орж ирсэн энэ спорт залуусын сонирхол, хообий маягаар хөгжиж байна.
Хотын залуусын чөлөөт цагаа зөв боловсон, хөгжилтэй өнгөрөөх нэгэн арга болсон ширээний хөлбөмбөг хөгшин Европоос тэр дундаа Их Британиас гаралтай болохыг 1923 оны арваннэгдүгээр сарын 1-нд баталгаажуулсан байдаг юм.
-Сүүлийн үед залуус ширээний хөлбөмбөгийг ихэд сонирхох болсон байна. Энэ спорт манайд хэдийнээс хөгжиж эхэлсэн бэ?
-Таван жилийн өмнөөс хөгжиж эхэлсэн гэж хэлж болох байх. Тухайн үед ширээний хөлбөмбөгийн талаарх ойлголт, мэдлэгтэй хүн манайд олон байгаагүй. Залууст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар хомс үед “UB club” залууст энэ төрлийн спортыг таниулснаараа ширээний хөлбөмбөг Монголд хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан. Нэг үеэ бодвол залуус энэ спортыг их сонирхох болсон байна. Уг нь Олимпийн наадмын нэг төрөлд багтахуйц хэмжээний болтлоо дэлхий дахинд дэлгэрсэн спорт. Харин манайд одоогоор дэлхийн жишиг бүхий дүрмийн дагуу биш хообий маягаар хөгжиж байна.
-Чи хэдийнээс ширээний хөлбөмбөг сонирхох болов?
-2007 оноос. Анх найзуудтайгаа уулзаж, цагийг зугаатай өнгөрүүлэх гэж л тоглож байлаа. Удалгүй амтанд нь орчихсон.
-Ширээний хөлбөмбөгийн юу нь тийм сайхан юм бэ?
-Хоёроос дөрвөн хүн ширээн дээр тоглодог ч техник, арга барил, гоол оруулах үеийн мэдрэмж нь яг л талбайн хөлбөмбөгтэй адилхан. Тэгсэн атлаа талбай шаардахгүй. Суурин соёл иргэншлээс улбаатай учир залууст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломж олгодог нь хамгийн том давуу тал нь болов уу.
-Спортын төрөл учир ач холбогдол бий байх. Тийм үү?
-Яг л ширээний теннистэй адилхан хараа, анхаарал төвлөрөлт сайжруулах ач холбогдолтой. Хүмүүс харчихаад зүгээр л эргүүлээд байна гэж боддог юм. Угтаа ширээний хөлбөмбөг тоглохдоо ч ердийн хөлбөмбөг шиг хуурах гэх мэт техник хэрэглэдэг. Тиймээс тоглогчоос мэдрэмж, хурд шаарддаг. Ач холбогдлын хувьд ширээний теннистэй ойролцоо байх. Мэдээж ширээний теннис тоглоход биеийн хөдөлгөөн илүү шаардана.
О.УНДАРМАА