Вьетнамын амьтан судлаач Нго Ван Три Калифорниос ирсэн хамтрагчдаа нутаг усаа танилцуулан аялж, Ба Риа-Вунг тосгоны нэгэн зоогийн газарт хооллохоор түр саатжээ. Жуулчдын дунд багагүй нэртэй уг зоогийн газарт ёстой л хүний хар нүднээс бусдаар хийсэн хоол унд байдгаараа алдартай аж.
Тэд гүрвэлийн махан хоол захиалж, ходоодыг нь баярлуулах гэж байгаа тэрхүү амьтан ямар зүйлийнх болох талаар зоогийн газрынхнаас тодруулсан байна. Өмнө нь сонсож байгаагүй сонин мэдээлэл авсан тэд нутгийнхныг хөлсөлж, тэрхүү гүрвэлээс хэдийг авчруулан судалжээ. Гэтэл тэр амьтан нь үржлийн онцгой хэлбэртэй, өөрийгөө хувилдаг болохыг тогтоожээ.

Сээр нуруутны аймгаас партогенез буюу эсрэг хүйстэнгүйгээрээ өндөглөх чадвартай нь тун ховор байдаг. Харин ийм чадвар олон зүйл шавьжинд бий. Санаандгүй олж илрүүлсэн гүрвэлийн шинэ зүйлийг мэргэжилтнүүд Leiolepis ngovantrii хэмээн нэрлэсэн байна.