Тас няс хийх ташуурын чимээ асар дахь бүх хүнийг цочоож орхив. “За, сургуультай морь гарч ирэх нь дээ” хэмээн нэгэн үзэгч хүүдээ хэлэх нь сонсогдоно. Тайзны хөшиг нээгдэхэд морь бус бяцхан охин манежнаа гар ч ирсэн нь үзэгчдийг гонсойлгох бус харин ч сониуч занг нь хөдөлгөв. Ташуур барьсан залуу нэг л далайлтаар өнөөх охины амандаа зуусан сарнайг ишээр нь хугалахад үзэгчид уулга алдан алга ташина. Үзэгчдийг багагүй түгшээсэн уг үзүүлбэрийн халааг аварга могой залган авлаа. Халуун орны тэрхүү амьтныг жинхэнэ эсэхэд эргэлзсэн зарим хүүхэд барьж үзэхээр гараа сарвайж буй харагдсан.
Сүхбаатарын талбай дахь нүүдлийн майхан циркийн “Ертөнц” тоглолтын эхлэл хэсэг “Эх нутаг” нэртэй. Майхан циркийн ээлжит тоглолт Монголд циркийн урлаг үүсэж хөгжсөний 70 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог. Тийм ч учраас өнгөрсөн баасан гаригт циркийн ахмад уран бүтээлчдийг оролцуулсан хүлээн авалт зохион байгуулж, тоглолт үзүүлсэн юм. Энэ үеэр циркийн хамгийн ахмад уран бүтээлч болох акробатчин З.Дэмчигжавт хүндэтгэл үзүүлж хадаг, мөнгөн аягатай сүү барив.
70 жилийн түүхтэй эл урлаг хэсэг уналтад орсон ч зарим уран бүтээлч нэгдэн цирк байгуулж, гал алдахгүй яваад баярлаж буйгаа ахмадууд хэлсэн. Түүнчлэн Өлзийт хороололд сүндэрлэж буй амьтны циркт тэд ам сайтай байна билээ. “Ташуураар тоглогч”-ийн дараа монгол циркийн брэнд гэж хэлж болохуйц “Хүч тамирын гайхамшиг” үзүүлбэр, уран нугаралт, савлууртай акробат үзэгчдийг хөгжөөсөн. Үүний дараа циркчид жинхэнэ бэлгээ задалсан нь гивлүүртэй бүсгүйчүүд, тэмээ хөтөлсөн араб эзэн, бүргэд барьсан боол. Араб хөгжим эгшиглэж, бүсгүйчүүд эзэндээ зориулан агаарт “бүжиглэлээ”. “Торгоны зам” нэртэй энэхүү хэсэгт “Даавуун дээрх гимнастик”, “Тэмээн жин”, “Цагаригаар наадагчид”-ын үзүүлбэр багтсан юм.
Тоглолтын гурав дахь хэсэг “Африк”-т африк бүжиг, “Савлууртай акробат”-ыг толилууллаа. “Таван жилийн өмнө яг энэ талбай дээр Монгол, Орос, Хятадын уран бүтээлчид хамтран тоглосноор нүүдлийн цирк нээлтээ хийсэн. Цирк хил хязгааргүй урлаг тул энэ тоглолтоор Торгоны зам, африкийг харуулахын зэрэгцээ үндэсний бахархал болсон үзүүлбэрийг ч оруулсан юм” хэмээн ерөнхий найруулагч, “Шинэ цирк” төвийн захирал Д.Зоригт ярилаа. Уг тоглолтыг гавьяат жүжигчин, циркийн ахмад уран бүтээлч Ж.Жанчивдорж “Циркийн өнгө, үнэрийг шингээсэн тоглолт боллоо.
Түүхийг эстрад урлагтай хослуулснаараа өвөрмөц шийдэлтэй болж. Монголд цирк, эстрадын урлаг нэгэн цаг үед үүссэн түүхтэй” хэмээн дүгнэсэн юм. Ахмад уран бүтээлчид “Ертөнц” тоглолтод “онцсайн” дүн тавьсан нь хамгийн том шагнал хэмээн зохион байгуулагчид ярьж байв. “Шинэ цирк” төвийн уран бүтээлчид тун удахгүй Монголд циркийн урлаг үүсэж хөгжсөний 70 жилийн ойн нэгдсэн тоглолтын бэлтгэлдээ орох гэнэ. Мөн ирэх сарын эхээр “Бодол, эргэцүүллийн он жилүүд” циркийн тухай баримтат киног Улсын филармонид гаргахаар төлөвлөжээ.
Б.ЭГШИГЛЭН