Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Долоон настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ

ЭХЭМҮТ-д анх удаа долоон настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Тодорхой хэлбэл, энэ нь УНТЭ болон ЭХЭМҮТ-ийн элэг шилжүүлэн суулгах мэс заслын хамтарсан багийн амжилт гэнэ.  Долоон настай охины ээж нь хүүхдийнхээ донор болсон бөгөөд эх, хүүхдийн бие сайн байна. Охинд элэг шилжүүлэн суулгасан мэс заслын дараах эмчилгээг үргэлжлүүлэн хийж байна. Хагалгааг зургадугаар сарын 19-нд хийсэн бөгөөд донор болсон 29 настай ээжийнх нь бие сайжирч эмнэлгээс гарчээ.

Охин цөсний битүүрэлтэй төрсөн бөгөөд төрөөд 45-хан хоногтой байхдаа тус эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасагт элэг шилжүүлэн суулгах мэс заслын урьтал хагалгааг хийлгэж, эмчийн хяналтад өнөөг хүртэл байсан аж. Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах энэ мэс заслын өртгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцжээ.