Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төв аймгийн брэнд “Хонины найр”

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын зааг нутаг болох Баян Сонгинот гэдэг газар, Туул голын хөвөөнд өнгөрөгч бямба гарагт “Хонины найр” хэмээх сонирхолтой арга хэмжээ долоо дахь удаагаа боллоо.

Монгол хонины давуу тал, ашиг шимийг сурталчилж, улмаар дотоод, гадаадын жуулчдыг татах зорилготой уг арга хэмжээг тухайн нутаг дахь малчдын нөхөрлөл Төв аймгийн Бай галь орчин, аялал жуулчлалын газрын дэмжлэгтэй зохион байгуулдаг аж. Энэ үеэр цагаан идээ боловсруулах, тогоо нэрэх, монгол хоол хийх, эсгий хийх үйл явцыг цугласан олонд бодитоор нь үзүүлэв. Мөн хурдан, сайхан хонь шалгаруулах, аргал түүх, сур болон шагайн харваа, дэмбээний тэмцээн, цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, Төв аймгийн “Монгол туургатан” театрын уран бүтээлчид тоглолтоо толилууллаа.

“Монгол зан заншил, ахуй амьдралыг жуулчдад үзүүлэхийн тулд заавал холын аймаг, сумдыг зорих шаардлагагүй. Нийслэлээс 50 гаруйхан км зайтай манай нутагт ирэхэд л болно. Эндхийн нөхөрлөлүүд идэвх санаачилгатай ажиллаж байгаа” гэж нутгийн иргэд ярьж байлаа. Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан сүүлийн жилүүдэд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэхийг зорьж буй бөгөөд үүний хүрээнд санаачилсан арга хэмжээ нь “Хонины найр” юм. Тэд эл арга хэмжээг нутгийнхаа брэнд болгохоор зорьж байгаа.

Гэрэл зургуудыг Э.Харцага