Авлигатай тэмцэх газар болон Монголын барилгын инженерүүдийн холбоо ТББ хамтран "Барилгын салбар дахь авлигын эрсдэл ба ёс зүй" хэлэлцүүлэг зохион байгууллаа. Энэ үеэр барилгын салбар дахь авлига, ёс зүйгүй байдалд төрийн оролцоо их гэдгийг оролцогчид онцолсон.
Улмаар Монголын барилгын салбарын хөгжлийг урагшлуулах томоохон алхам бол авлигаас ангид байх, мөн инженерүүд мэргэжлийн ёс зүйгээ мөрдөх явдал гэнэ. Иймд барилгын инженерийн ёс зүйн дүрмээ баталж, гишүүн байгууллагын болон нийт инженерүүдэд сахин мөрдүүлэхийг уриаллаа.
Мөн салбар дахь ёс зүйгүй, авлигатай холбоотой үйлдэл, хүчин зүйлсийг илрүүлэх зорилгоор хийсэн судалгааны тайланг хэлэлцлээ. Үргэлжлүүлээд “Монголын барилгын инженерүүдийн холбооны инженерүүдэд мөрдүүлж буй ёс зүйн дүрмийн цар хүрээ, зохицуулалт”, “Барилгын салбар дахь авлигын гэмт хэрэг” илтгэл тавьж, “Барилгын салбарын инженерүүдийн ёс зүй”, “Барилгын салбарт авлигаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвээр хэлэлцүүлгэг өрнүүлсэн юм.
Тухайлбал, АТГ-ын ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш “Авлигатай тэмцэх газарт ирсэн өргөдөл гомдлын найман хувь нь барилгын салбартай холбоотой. Иргэдээс ирсэн гомдлын агуулгыг авч үзэхээр, хохирлын хэмжээ өндөр дүнтэй байдаг. Барилга, авто замын төслийг олон улсын стандарт, дүрэм журмын дагуу, хийсэн, эсэхийг заавал шалгаж, тендерт өрсөлдүүлэх ёстой. Гэвч нийт ажил гүйцэтгэлийг харахад, үйл ажиллагаа нь эсрэгээрээ. Жишээ нь, ямарч тооцоололгүй хэрнээ эхлээд төсөвт суулгадаг нь буруу. Зөв дараалал нь эхлээд төсвийн тооцоолол хийж, зураг төслөө батлуулж байж төсөвт суулгах ёстой. Салбарын төлөөллүүдээс үүнийг асуухаар ойролцоо мөнгөн дүнгээр оруулсан гэдэг. Үүнийг дагаад мөнгөн дүн нь дутдаг эсвэл илүү гардаг. Энэ нь авлигын гэмт хэрэг гарах хөрс суурь болдог. Мөн жилд дунджаар, нийт барилгын ажлын 23 хувь нь зураг төсөлгүй хийдэг гэсэн судалгаа бий. Энэ асуудалтай холбоотойгоор 2021 онд ЦЕГ-тай хамтарсан ажлын хэсэг байгуулж, 66 объект, иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгажээ. Улмаар удахгүй хариуг мэдээлэх аж. БХБЯ-ны мэдээгээр жилд дунджаар 30-40 тэрбум төгрөгийн ажил зураг төсөлгүй гүйцэтгэдэг гэсэн мэдээлэл бий. Зураггүй төсөл гэдэгт ихэвчлэн улс төрийн нөлөөлөл шийдвэр орсон байдаг. Иймээс 2023 оноос зураг төсөлгүй ажлыг тендер шалгаруулалтад оруулахгүй, буруу дарааллаар явж буй, үйлдлийг засахын тулд энэ хэлэлцүүлгийг хийж байна” гэнэ.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн “Авлигын эрсдэл өндөртэйд тооцогдох найман салбар байдаг. Энэ нь иргэд, олон нийтийн түгээмэл үйлчлүүлж, төрийн үйлчилгээ авч буй салбарууд юм. Төрийн үйлчилгээ авахад хүнд суртал, ёс зүйгүй байдал, эрсдэлтэй нөхцөл, төрийн давхардсан үйлчилгээ их тулгарч байгаа тул эдгээрийг бууруулахын тулд холбогдох салбарын мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагуудтай нэгдэж, эл хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд зөвхөн барилгын салбартай холбоотой 180 гаруй гомдол ирсэн. Үүнд тусгай зөвшөөрөл, тендер худалдан авалт, мэргэжилтнүүдийн ёс зүйтэй холбоотой мэдээллүүд зонхилсон” гэв.
Тэгвэл Монголын барилгын инженерүүдийн холбоо ТББ-аас 400 гаруй инженерийн дунд судалгаа хийхэд 30 орчим хувь нь “Би ёс зүйтэй ажиллахыг хүссэн ч хөндлөнгөөс авлига өгөхийг завддаг” гэжээ.
Мөн барилгын худалдан авалтын үйл ажиллагаанд хамгийн их авлига гардаг гэнэ. Ирээдүйд энэ асуудлыг багасгахын тулд инженерүүд ёс зүйн хэм хэмжээг дагаж, хариуцлагатай байх шаардлагатай. Чанартай барилга сүндэрлэж байж иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл бүрдэх юм.
Хэлэлцүүлгийн үеэр “Барилгын зөвлөх үйлчилгээ” ХХК-ын захирал Б.Мөнхбаатар Хил хаагдсантай холбоотойгоор бараа материалын үнэ маш их өссөнийг дурдлаа.
Тэрбээр “Зарим барааны үнэ 200-300 дахин өссөн тохиолдол гарсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга барьдаг компаниуд сүүлийн гурван жил зогсонги байдалд байна. 600 гаруй барилгын компани ажилгүй болсон.
Манай салбарт ажилчдын ёс зүй, авлигын асуудал үнэхээр тулгамдаж буй. Янз бүрийн дарамт шахалт ихтэй. Үйл ажиллагааны талаар, мэргэжлийн талаас нь шаардлага тавих өөр хэрэг. Мэргэжлийн хяналт, орон нутгийн байгууллагууд бүх талаас дарамт үзүүлэх, авлига нэхэх зэрэг олон төрлийн асуудал тулгардаг” гэж онцолсон юм.
АТГ-ын мэргэжилтнүүд барилгын салбарт тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол, мэдээлэл хамгийн түгээмэл ирдэг талаар хэлэлцүүлгийн үед дурдсан.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга П.Батжаргалаас тусгай зөвшөөрлийн талаар лавлалаа. Тэрбээр “Барилгын тухай хуулиар зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлэхийг хориглодог.
Барилгын ажил эхлүүлэхээс өмнө тендерт шалгахрах, зураг төслийн боловсруулалтын байдал, хэсэгчилсэн зураг төслөө батлуулах зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Манай байгууллагаас Барилгын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу ажилладаг. Аливаа барилга байгууламж дээр шалгалт хийхдээ хамгийн түрүүнд тусгай зөвшөөрлийг шалгана. Хэрэв зөвшөөрөлгүй, барилга угсралтын ажил явуулах норм, дүрэм, түүнийг дагаж мөрдөх эрх зүйн зохицуулалтгүй бол үйл ажиллагааг нь зогсоох ёстой.
Гэхдээ эхлээд зохих байгууллагаас зөвшөөрөл авсны дараа тухайн барилгын үйл ажиллагааг зогсооно. Шууд өөрсдийн дураар шийдвэр гаргадаггүй. Энэ салбарт ёс зүйн асуудал нэн чухал. Зураг төсөлд алдаа гарах, угсралтын үед тэр алдаагаа засалгүй орхих, материалын чанар, хөрөнгө мөнгөтэй холбоотойгоор хүнд суртал, авлига ихэссэн” гэв. Ийнхүү барилгын салбарын 140 гаруй төлөөлөл, албаны хүмүүс чууллаа.
Хэлэлцүүлгийн үр дүнд барилгын инженерүүдийн ёс зүйг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай, хүргэх, чирэгдлийг зогсоох тодорхой ажлууд төлөвлөн, үүнийхээ дагуу зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх аж.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан