МАН-ын бүлэг өнөөдөр худалдаж, мэдээлэл хийлээ. Энэ үеэр бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Өнөөдрийн хурлаар үнийн өсөлт, Засгийн газар, УИХ нүүрсний хулгайтай хэрхэн тэмцэх талаар болон бусад цаг үеийн асуудлыг хэлэлцлээ. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн шийдвэр гаргалаа. Тухайлбал, үнийн өсөлт импортоос хамаарч буй. Тиймээс импортыг нэмэх чиглэлд онцгой анхаарал тавих ёстой гэж үзэж байна.
Мөн Засгийн газар, УИХ нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар манлайлал үзүүлж ажиллах ёстой. Энэ хүрээнд Авлигын тухай хууль, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулиудад тодорхой өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байна. Тиймээс УИХ, Засгийн газраас хамтарсан ажлын хэсэг гаргаж хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд хамтарч ажиллах хэрэгтэй гэж үзлээ. Цаашид томоохон бүтээн байгуулалттай холбоотой шууд гэрээ байгуулах бол УИХ-аар хэлэлцдэг байх эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ" гэв.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Нууц гэрээний асуудлыг УИХ-аар шийдэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Мөн онцгой дэглэм тогтоох бүрэн эрхийг УИХ-д шилжүүлэхээр хууль эрх зүйн орчныг шинэчилнэ. Өнгөрсөн 2022 оны төгсгөлд иргэд Сүхбаатарын талбайд жагсч, шаардлагыг тавьсан. Жагсагчид шүүхийн ил тод байдлыг бүрэн хангаж өгөхийг хүссэн. Өнөөдрийн бүлгийн хурал дээр энэ асуудлыг ярьж, холбогдох албаныханд үүрэг чиглэлийг өглөө. МАН-ын бага хурал болж, нийгэмд үүссэн цаг үеийн асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын 80 дугаар тогтоол буюу Зөвлөлдөх санал асуулгаар ард иргэдийн бухимдаж буй асуудлыг баталсан. Бид энэ тогтоолыг дэмжиж ажиллахаар болсон" гэлээ.