Монгол Улсад анх удаа хэрэгжүүлэх “Цэвэр дулааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрчим хүчний шилжилтийг дэмжих” төслийн хүрээнд 2023-2028 онд Дорноговь аймгийн төв Сайншандад 8-10 МВт-ын нарны дулааны эх үүсвэр барих санамж бичгийг өчигдөр байгууллаа. Тодруулбал, Эрчим хүчний яам, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хамтран боловсруулж, хүргүүлсэн дээрх төслийг ХБНГУ, Их Британийн Засгийн газрын хамтарсан хүлэмжийн хийг бууруулах зорилготой “Нама Фасилити” байгууллага дэмжин, 23 сая ам.доллароор санхүүжүүлэхээр болжээ. Уг ажлын хүрээнд 45 000 орчим иргэн цэвэр дулааны хангамжид холбогдон, 12 000 гаруй хэрэглэгчийг хэрэглээний халуун усаар хангах боломж бүрдэх аж. Ингэхдээ нарны хэсэгчилсэн дулааны станц байгуулан, 100 гаруй ажлын байр бий болгох . Даян дэлхийн ногоон хөгжлийн институт байгууллагын төлөөлөгч Аннака Петерсон “Монгол бол цэлмэг хөх тэнгэртэй, жилийн туршид нарлаг байдаг, салхины тогтмол цэвэр эх үүсвэртэй улс. Энэ нь сэргээгдэх эрчим хүчний цэвэр технологийг нэвтрүүлэхэд нэн таатай орчин бөгөөд “ногоон” төслийг хэрэгжүүлэх таатай бүс гэсэн үг. Төслийн гол зорилго нь зөвхөн цэвэр дулааныг нэвтрүүлээд зогсохгүй, айл өрхүүдийг хэрэглээний халуун усаар ханган, эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг нь сайжруулж, улмаар агаарын бохирдлыг бууруулан, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой” гэв. Төслийг хэрэгжүүлснээр 1.9 сая тонн хүлэмжийн хийн ялгарлыг урт хугацаанд бууруулахаар тооцжээ.