Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой 2023 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр тохиох юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2023 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр 196 тоот захирамж гарган, энэхүү ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2023 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр зарлан хуралдуулахаар боллоо.
Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан энэ долоо хоногийн бямба гарагт Төрийн ордны "Их Хуралдай" танхимд 11 цаг 40 минутад эхэлнэ
Үймээн самуун, ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэл, өлсгөлөн гээд хүнийг хүн ёсоор амьдрах бүх л болоцоог нь хаасан он жилүүд дэлхийн II дайныг дуустал үргэлжилсэн. Энэ хүнд он жилүүдийн дараа дэлхий нийтээрээ хүний эрхийг нэгдүгээрт тавих нь амар амгалан амьдралын үндэс гэдгийг ойлгож, НҮБ-аас 1948 оны арванхоёрдугаар сарын 10-нд Франц улсын нийслэл Парис хотноо "Хүний эрхийн түгээмэл тунхаглал"-ыг баталжээ.