“Шинэ тойрог авто зам” төслийн бүрэлдэхүүн хэсэг болох Нисэхийн хурдны замыг Туулын авто замтай холбох Яармагийн шинэ авто замын трасст Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсийн Арцатын ам, Нүхтийн задгайд газар ашиглах эрхтэй 22 иргэн, аж ахуйн нэгжийн 25 нэгж талбар хэсэгчлэн болон бүтэн өртөж буй гэнэ. Иймд Газрын тухай хуулийн 5.1-т тусгасан “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн”, 43.6 дахь “Нөхөх олговор нь газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хамаарахгүй” зэрэг заалтыг үндэслэн эдгээр иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүрэн цуцлахаар болжээ. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас газар ашиглагч иргэдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн байна.
Газар чөлөөлөх, ашиглах эрх цуцлах нөхцөл үүссэн үед хууль ёсны ашиг сонирхол, эрх нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдэд нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж Захиргааны ерөнхий хуульд тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл, нөлөөлөлд өртөгч, оролцогчдоос тайлбар, санал авахыг сонсох ажиллагаа гэдэг. Тэгвэл дээрх хэсгийн ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдээс энэ сарын 17 хүртэл бичгээр тайлбар, санал авах нь.
Ж.Сувд