Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрынхан нийслэлийн Байгаль орчны болон Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрынхантай хамтран 100 кВт-аас дээш хүчин чадалтай уурын, усан халаалтын зуух ашиглаж буй 139 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг шалгажээ. Ингэхэд давхардсан тоогоор 496 зөрчил дутагдал илэрсэн байна. Уурын зуух ашиглаж буй аж ахуйн нэгжүүдийн 67 хувь нь агаар бохирдуулсны төлбөр төлдөггүй, орчны бохирдлыг хэмжих багаж төхөөрөмжгүй байсан гэнэ. Мөн 37 хувь нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, 70 хувь нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, 61 хувь нь орчны хяналт шинжилгээ хийдэггүй нь шалгалтаар тогтоогджээ. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний, Усны, Хог хаягдлын, Агаарын тухай хууль тогтоомжийг зөрчсөн 50 аж ахуйн нэгжид өдгөө зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж. ЗХЖШ-ын харьяа цэргийн анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих анги, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар тус яамны Салбарын хяналтын газрын улсын ерөнхий байцаагчаас албан даалгавар хүргүүлжээ.
Н.Мишээл