Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын дарга Д.Сүнжид прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд оролцож мэдээлэл хийлээ. Тэрбээр ХЭҮК нь хэрэг хянан шийдвэрлэх, ял эдлүүлэх, ажиллагааны нөхцөл байдалд судалгаа, дүн шинжилгээ хийж, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19-23 дахь илтгэлд тусган, холбогдох УИХ-ын тогтоолд тодорхой арга хэмжээ хэрэгжүүлэхээр заасан болохыг дурдсан юм. Үүн дотор Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлтэйгөөр баривчлах талаар нэмэлт, өөрчлөлт оруулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хамгаалах чиглэлд томоохон ахиц гарсныг онцоллоо. Мөн хууль сахиулах байгууллагууд хүний хувийн мэдээллийг чанд хамгаалах, Хүний хувийн мэдээлэл хамгааалах тухай хуулийн хэрэгжилтийг хангахад болон цаашид анхаарах шаардлагатайг хөндөж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Түүнчлэн Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилтийн асуудлаар зохион байгуулсан сонсголтой холбогдуулан авах арга хэмжээ, Хууль зүйн байнгын хорооны 09 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллана гэв.
Ташрамд, хорих ял эдлүүлэх үйл ажиллагаанд хүний эрхийг хангах нь сэдвийн хүрээнд өнгөрсөн онд 25 удаагийн сургалт зохион байгуулж, прокуроруудыг хамруулжээ.
Ч.Цэлмэг