Энэ он гарснаас хойш буюу нэгдүгээр сарын 2-ноос хоёрдугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд шүүхийн байгууллага 2003 хэргийг хянаснаас 1180 хүнд торгох, 823 хүнд баривчлах шийтгэл ногдуулсан байна. Энэ талаар хуульч О.Батхүү цахимд хуваалцсан юм. Тэрбээр “Баривчлах шийтгэлтэй 823 хүнээс 19 нь давж заалдах гомдол гаргасан байна. Прокурор нэг удаа эсэргүүцэл бичжээ. Өөрөөр хэлбэл, баривчлагдсан хүмүүсийн 2.3 хувь нь давж заалдах гомдол гаргасан нь маш бага тоо. Хүмүүс гэм буруугаа хүлээсэн гэхээс илүү гомдол гаргаж амжаагүй гэвэл үнэнд ойр” хэмээжээ.
Мөн тэрбээр “Зөрчлийн хэргээр шүүгдэж буй хүмүүст давж заалдах эрхийг нь эдлүүлэхгүй, шууд ачдаг жишиг тогтсон байна. Гомдол гаргахын тулд шүүхийн шийдвэрийг бичгээр авах ёстой. Эл шийдвэр нь тав хоногийн дотор гардаг. Шийдвэрээ хүлээж байх зуур цагдан хорих хугацаа нь дуусчихдаг. Үүний дагуу би ХЭҮК-т гомдол гаргасан. Комиссын гишүүн Хялбар ажиллагааны шүүхийн үйл ажиллагаатай танилцаад гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзжээ. Гэхдээ комиссын дүгнэлт хараахан гараагүй. Иргэд шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Энэ эрх нь давж заалдах журмаар буюу гомдол гаргах эрхээр баталгааждаг. Хуулийн хийдлийг засах хэрэгтэй. Мөн Дээд шүүх хууль хэрэглээний талаар тайлбар гаргах шаардлагатай. Тиймээс комиссын дүгнэлтийг хүлээхгүйгээр Дээд шүүхэд энэ асуудлаар хандана” гэдгээ илэрхийлсэн юм.
Ч.Болор