Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Цагаан сарыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уучлал үзүүлэх зарлигт гарын үсэг зурлаа. Ингэснээр ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай хорих 407 дугаар анги буюу Эмэгтэйчүүдийн хорихоос хоёрдугаар сарын 28-нд Г.М, Н.Н гэх хоёр эмэгтэйг сулласныг тухайн өдөр нь ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Харин энэ сарын 8-нд Н.Өнөрцэцэгт уучлал үзүүлэх зарлиг гаргаснаар ЕТГ-ын ажилтнууд хорих ангиас сэтгүүлч эмэгтэйг гаргаж авсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар уучлал үзүүлэх эрхтэй. Харин энэ удаагийн уучлал нь олон нийтийн сүлжээнд нэлээд шүүмжлэл дагуулж буй юм. Өмнөх болон өнөөгийн Төрийн тэргүүнд хандаж уучлал үзүүлэхийг хүссэн захидал нэлээд ирдэг бөгөөд түүнээс хэнийг нь “олж харах” нь Ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд, Тамгын газрынхны ажлын үр дүн биз ээ. Юутай ч Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн захидал бичиж буй ял шийтгүүлсэн хүмүүс бол гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшсэнээ тодорхой дурдсан байдаг. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд ч анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ял шийтгэлийг эсэргүүцэж, Дээд шүүхэд хандаад байсан гомдлоо буцаан татаж, улмаар Төрийн тэргүүнд хандан уг захидлыг бичсэн гэх. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад буюу Улсын дээд шүүхээс ямар нэг тогтоол гараагүй байхад Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүллээ.
Үүнээс өмнө шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад уучлал үзүүлсэн тохиолдол нэг л бий. Тодруулбал, дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Жастин Капла, Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарыг уучилсан. “Саусгоби сэндс” ХХК-ийн удирдах албан тушаалтнууд болох энэ гурван хүн Монгол Улсад төлөх 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгтээ анхан шатны шүүхээс таван жил гаруйн хугацаагаар хорих ял шийтгүүлээд байсан ч шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад ийнхүү уучлалд хамрагдан суллагдмагцаа хил давж явсан билээ. Харин “Саусгоби сэндс” ХХК-ийн 35 тэрбум төгрөгийн татварыг төлүүлсэн, эсэхийг өнөөдөр хэн ч сөхдөггүй.
Дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ хүмүүст уучлал үзүүлэхийнхээ өмнө дөрвөн эмэгтэйн эдлээгүй үлдсэн бүх ялаас бүрэн чөлөөлөх зарлиг гаргаж байсан юм даг.
Тэгвэл Н.Өнөрцэцэгтэй хамт уучлалд хамрагдсан хоёр хүн хэн бэ. Яруу найрагч Ц.Хуланд яагаад уучлал үзүүлсэнгүй вэ хэмээн олон нийтийн сүлжээнд бичиж буй. Цагаан сарын өмнөх өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн уучлалыг хүртэж суллагдсан Г.М-н тухайд бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан хэрэгт ял шийтгүүлсэн нэгэн бол Н.Н нь бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж, багагүй хэмжээний хохирол учруулсан хэрэгт ял шийтгүүлэн хоригдсон бүсгүйчүүд аж.
Д.Дайчин