“Сэтгүүлч Батдорж” сан жил бүрийн гуравдугаар сарын 6-нд буюу Үндэсний сэтгүүлзүйн өдөр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлаж, тавдугаар сарын 3-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ялагчийг тодруулдаг уламжлал тогтсон. Өмнөх жилүүдэд “Усны үнэ цэн”, “Цахим орчин дахь бидний араншин”, “ Эх хэл- Монгол дархлаа”, “Шинэ монголын тухай”, “Нүүх үү, үлдэх үү”, “Бид” зэрэг сэдвээр уралдааныг зарлаж байсан. Өнөө жил “Үнэн бүдгэрсэн медиа” сэдвийн хүрээнд эсээ бичлэгийн уралдаан зарласан билээ.
Мөн уралдааны хоёрдугаар шатанд Mojo бүтээлийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг шүүж шилдэг оюутнуудыг шалгаруулжээ. Өмнөх жилүүдэд тус уралдаанд сэтгүүлзүйн ангийн 2,3-р курсийн оюутнууд оролцдог байсан бол өнгөрсөн жилээс уралдааныг курсийн ялгаагүй болгосноор илүү олон оюутан оролцох боломжтой болсон юм.
Уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж, эхний шатанд эсээ бичиж, дараагийн шатанд шалгарсан оюутнууд Mojo буюу гар утасны техникийн боломжийг ашигласан бүтээлээрээ өрсөлдсөн нь энэ удаагийн уралдааны онцлог байлаа. Уралдаанд МУИС, МУБИС, Отгонтэнгэр Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, СУИС-ийн РТМУС, Сити их сургууль зэрэг сэтгүүлзүйн мэргэжлийн сургалт явуулдаг их дээд сургуулиудын оюутнууд бүтээл ирүүлснээс хоёрдугаар шатанд долоон оюутан шалгарчээ.
“Сэтгүүлч Батдорж” сангийн нэрэмжит 12 дахь удаагийн уралдаанд МУИС-ийн сэтгүүлзүйн ангийн оюутан Д.Халиунаа тэргүүн байрын эзэн болж, бүтэн жилийн сургалтын тэтгэлгийн эзэн боллоо. Түүний хувьд уралдааны нэгдүгээр шатанд “Сэтгүүлч хэнд хэрэгтэй вэ” эсээгээр оролцсон бол хоёрдугаар шатанд “Дуу чимээний бохирдол” Mojo бүтээлээрээ оролцож, шүүгчдээс хамгийн өндөр оноо авсан байна. ХИС-ийн оюутан Б.Энхням, мөн ХИС-ийн оюутан Б.Маралмаа, МУИС-ийн оюутан Х.Хатанзориг, МУИС-ийн оюутан А.Тэмүүлэн, МУИС-ийн оюутан Б.Үүрцайх нар тусгай байрын шагнал хүртсэн юм.
“Сэтгүүлч Батдорж” сан нь 2013 онд байгуулагдсан бөгөөд залуу сэтгүүлчдийг дэмжих, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой юм. “Сэтгүүлч Батдорж” сан өнгөрсөн 12 жилийн хугацаанд 12 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг, 50 оюутанд мөнгөн урамшуулал олгож, нийт 56 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг сэтгүүлзүйн салбарын оюутнуудыг дэмжих чиглэлд зориулаад байна.