Монголчууд олноор зорчих болсон, Шинэ Гвинейн баруун хэсэгт орших Индонезод энэ сарын 2-ноос хэрэгжүүлж эхэлсэн Эрүүгийн хэргийн шинэ хуульд гэрлэлтээс гадуурх бэлгийн харьцааг гэмт хэрэгт тооцохоор заажээ. Тодруулбал албан ёсны гэр бүл биш бол харилцан тохирсон, эсвэл сайн дураар бэлгийн харьцаанд орсноос үл шалтгаалан гэмтэйд тооцож, нэг жил хүртэлх хугацаагаар хорих, 10 хүртэл сая рупигээр торгох аж. Түүнчлэн гэрлэхээр төлөвлөсөн ч албан ёсоор баталгаажуулаагүй хосууд хамтран амьдрах нь ч гэмт үйлдэл учраас зургаан сар хүртэлх хугацаагаар хоригдох нигууртайн дээр торгуультай. Энэ хууль иргэдэд нь төдийгүй гадаадын жуулчдад ч хамаарна.
Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар эрх бүхий хүмүүс буюу албаныхан гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаанд өөрийн санаачилгаар эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй буюу гэр бүлийн гишүүд, хамаатан, ойрын хүмүүс нь “гэмт этгээдүүдийн” ёс суртахуунгүй зан байдлын талаар гомдол гаргах учиртай. Гэрлэсэн хосуудын хувьд зөвхөн эхнэр, эсвэл нөхөр нь гомдол гаргана. Гэрлээгүй хүмүүс ийм нүгэл үйлдвэл зөвхөн аав, ээж, эсвэл үр хүүхдүүд нь гомдол гаргах боломжтой. Гэхдээ хэрэв шүүх хурлаас өмнө гомдлоо буцаан авбал хэрэгсэхгүй болгоно.
Индонезийн эрх баригчид Эрүүгийн хуульдаа 2019 оноос багц нэмэлт, өөрчлөлт хийхээр хэлцэж, 2022 онд баталсан эл хуулийн хүчин төгөлдөр хугацаа ийнхүү “хөдөлж” эхлэв. Тухайн үед хуулийг эсэргүүцэж, цахим өргөдлөөр 900 000 гаруй хүний гарын үсэг цуглуулан, орон даяар олон нийтийн жагсаал зохион байгуулах үеэр цагдаа нартай мөргөлдөөнд хүрсэн ч хатуу байр суурьтайгаар баталсан нь олон шалтгаантай аж. Угсаатны соёлын олон янз байдлаараа ялгардаг, хүн амын 88 орчим хувь нь мусульман шашинтай Индонез (дэлхийн хэмжээнд хамгийн олон мусульман хүн амтай) улсад хүчингийн хэрэг багагүй бүртгэгддэг. Мөн шашны ариун ёсоо умартахад аялал, амралтын газрууд “тулгуур” болдог гэнэ. Жишээ нь, хамгийн консерватив бүсэд тооцогддог, Шариатын хууль хэсэгчлэн хэрэгждэг Суматрын хойд хэсгийн Ачех зэрэг автономит мужид зочид буудлууд гэрлээгүй хосуудыг нэг өрөөнд байрлуулах нь ердийн үзэгдэл. Тиймээс ийм хэргийн золиос болсон эмэгтэйчүүд жирэмсэлбэл яах вэ, үр хөндүүлэх зэргийг хэрхэн шийдвэрлэх вэ гэхчлэн асуудлыг уг хуулиар цэгцлэх талаар албаныхан тайлбарлажээ. Засаг захиргааны 38 нэгжид хуваагддаг тус улсын Эрүүгийн хуульд зааснаар гэр бүлээс гадуурх бэлгийн харьцааг завхайрлын гэмт хэрэг хэмээн шийтгэдэг байсан бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн шийдлийг улам нарийвчлан зааснаараа шинэ хуулийн онцлог аж.
Ташрамд өгүүлэхэд, дэлхийн найм дахь том эдийн засагтай энэ улс аялал жуулчлалаар ихээхэн мөнгө олдог бөгөөд Бали зэрэг олон улсын аялал жуулчлалын алдартай газруудад баримт бичгийг заавал баталгаажуулснаар өрөөний үйлчилгээнд хамруулдаг болохыг албаныхан мэдээлжээ.
Э.Хана