Зарим хүнд хараал, ерөөл урсгасан, бүдүүлэг үг хэллэгтэй “хог” хэмээгдсэн ч цөөнгүй үзэгчээс чамлахааргүй сайшаал хүртээд буй “Ацаахийморь” киноны найруулагч Ш.Ихбаяртай ярилцлаа. Тэрбээр "Алтан өргөө" олон улсын кино наадмыг санаачилж, "Алтан хальс" холбоо, арт бүтээл сонирхогчдын дунд алдартай "Dreamer's day" кино өдөрлөгийг үүсгэн байгуулснаар нь хүмүүс түүнийг мэдэж магадгүй юм.
-“Ацаахийморь” киноны талаарх үзэгчдийн санал, сэтгэгдлийг уншиж байгаа юу. Ер нь манай улсын шүүмж судлал сүүдэр шийд хорхойсож, түүнд зүрх сэтгэлээ зориулсан хүмүүсийн нуруун дээр л яваа шүү дээ.
-Олонх нь эерэг сэтгэгдэлтэй байна гэж ойлгосон. Үнэндээ ийм байна гэж бодоогүй л дээ. Бодит амьдралтай ойртуулахын тулд хараал, ерөөлийг харамгүй “шигтгэх” гэж хичээж, зорьсон. Монголчууд хоорондоо яаж харилцдаг билээ, түүнийг л. Хараалын үг ч хэлний хөгжлийн нэг хэсэг. Киноны сайн диалог гэдэг бол хүмүүсийн харилцан яриаг хажуугаас нь сонсож буй шиг мэдрэмж төрүүлэх бүтэцлэг зүйл гэж боддог.
-Таны урьдын бүтээлүүд баримтат, артхаус төрлийнх. Гэтэл энэ удаад олон ангит, “noir comedy” уран сайхны кино руу “урвасан” нь тун сонирхолтой л юм.
-Би артхаус кино хийх гэж төдийлөн зорьдоггүй. Бүтээлийн хэв маяг гэдэг их явцуу, бүрхэг ойлголт байх.
-Тодруулбал?
-Артхаусыг юу артхаус болгож буйг хэлэхэд хэцүү. Бүтээлийн урсгал, чиглэл бол шинжлэх ухааны бус, урлагийн ойлголт учраас нарийн заагтай тодорхойлох боломжгүй. Дэлхийн алдартай кинонуудаас арилжааны, эсвэл арт яг алинд хамаарах нь мэдэгдэхгүй нь олон шүү дээ. Тухайлбал, Бонг Жүн Хо найруулагчийн “Шимэгч” (Parasite, 2019), Жорж Миллерийн “Галзуу Макс” (Mad Max, 2015) ч юм уу. Өөрөөр хэлбэл, ийм тийм гэх хатуу онолоор кино урлагийг каталогжуулах хэрэггүй болов уу. Би олон ангит кино үзэх дуртай. Түүнчлэн эл төрлийн кино бүтээхийн тулд нэг дүрийг ухаж төнхөх, хөгжүүлэхээс эхлээд ажиллагаа ихтэй учраас надад их сонирхолтой санагддаг.
-“Ацаахийморь” таны өмнөх бүтээлүүдтэй харьцуулахад чанар, ур чадварын хувьд хэр түвшинд хүрсэн бол?
-Өмнө нь би эксперименталь богино кинонууд хийж байсан. Ямар ч түүхгүй хэр нь илүү дүрслэх урлагийн өгүүлэмжтэй, ажиглалтын баримтат кино гэж хэлж болохуйц. Түүнчлэн хэд хэдэн удаа богино хэмжээний болон хүүрнэлт уран сайхны кино хийх гэж оролдсон ч олигтой болоогүй л дээ. Харин С.Уран продюсертой ярилцахад “Энэ олон ангит кинонд чинь тусалъя” гэсэн юм. Ингээд зохиол дээрээ хоёр жил орчим ажилласан.
-Кино бүрд нэг хэвийн дүр бүтээдэг, түүгээрээ идеал болчихсон жүжигчид байдаг. Халамжтай аав, явдалтай хүүхэн, мужик залуу гэдэг ч юм уу. Харин эл бүтээлийн хувьд үүнээс ангид, туслах дүрүүдийг гол дүрийн хэмжээнд гаргаж ирсэн нь шинэ “нээлт” болов уу гэж харлаа.
-Н.Риймэдийн дүрд ажилласан П.Ихэрбаярын анхны гол дүр энэ болов уу. Амараа (Б.Амарсайхан) ах зохиолоо уншчихаад хамгийн түрүүнд бодогдсон хүн нь Ууганаа (Э.Ууганбаяр) ах байж таарсан шиг байна лээ. Дараа өөртэй нь уулзахад ч хувь хүний характер нь Р.Намсрайгийн дүртэй их ойр санагдсан. Харин хошууч М.Мөнх-Азад хэнийг тоглуулах, эсэхэд нэлээд эргэлзэж байгаад Ч.Булган чадах юм байна гээд сонгосон.
-Хөдөө сумд хүн амины хэрэг гарснаар кино эхэлдэг. Тэгэхээр айлгах, инээлгэх хоёрын дунджийг олох шаардлагатай болсон гэсэн үг үү?
-“Noir” хэв маяг нь дэлхийн II дайны дараа Америкт үүссэн, гэмт хэргийн шинжтэй, пессимист буюу гутранги үзэл давамгайлсан, харанхуй дүрслэл, гэрэл сүүдрийн ялгааг чухалчилсан байдгаараа онцлог. Ер нь “Noir”-г жанр гэхэд хэцүү. Түүнийг хошигнолтой хослуулсныг кино судлалд “Noir comedy” гэж нэрлээд байх шиг. Айлгах, инээлгэх тунг хэрхэн тааруулах вэ гэдэгт би огтхон ч санаа зовоогүй. Хүнд сэдвийг инээдэм болгож болохгүй гэх бодол ч төрөөгүй юм байна.
-Таны “Цөөрөм” гэж бүтээл байдаг байх аа?
-Хараахан кино болоогүй. Зохиолын түвшинд л байсан төсөл. “Цөөрөм”-д эрчүүдийн асуудлыг хөндсөн л дөө. Түүнд ашигласан зарим элементийг “Ацаахийморь”-ийн тавдугаар ангид оруулсан.
-Эрчүүд архинаас хамааралтай болж, амиа хорлох түвшин нь эмэгтэйчүүдийнхээс харьцангуй илүү буйг, манай нийгэм эрэгтэйчүүдэд ээлгүй байгааг үргэлж ярьдаг л даа.
-Би нийгэмд хандсан, өөрчлөлт авчиръя гэх зорилготой бүтээл хийхийг хүсдэггүй. Учир нь урлагийн үүрэг энэ биш. Ёс суртахуун номлож, нийгмээ өөрчилье гэж уриалах олон арга зам байна. Хүмүүс урлагаас таашаал хүртэх гэж үздэг тул түүнд ямар нэгэн улс төрийн үзэл санаа, суртал ухуулга тулгах хэрэггүй гэж боддог. Найруулагч хүн өөрийнхөө ойлгодог сэдвээр кино хийхээс аргагүй. Аливаа урлагийн бүтээлд санаа байх ёстой ч түүнийгээ олон нийтэд зарлаад явах нь утгагүй.
-Эхлээд санаагаа олж, дараа нь түүнд тохируулан үйл явдлаа найруулдаг хэмээсэн. Уг нь эсрэгээрээ баймаар.
-Хүн бүр өөрийн гэсэн арга барилтай. Миний хувьд эхлээд гол санаагаа тодорхой болгоод дараа нь үйл явдлаа боддог. Гол санаагаа нарийн тодорхойлж, ноён нуруугаа дагахгүй бол тэр дундуур хэрэггүй зүйлс “шургах” эрсдэлтэй. Миний хувьд төсөл, дүрүүдээ нэрлэхээс эхлээд үндсэн шугамаа дагаж явбал бүтээл их цэмцгэр болно гэж боддог.
-Та нэгэн ярилцлагадаа “Уран бүтээл агуулгын хувьд гүн гүнзгий, хэлбэрийн хувьд гоо зүйн өндөр түвшнийх байх ёстой” гэсэн.
-Манай эхнэр эксперименталь урсгалаар туурвидаг. Тэдгээр бүтээлд гоо зүй нэгдүгээрт. Кино бол хөдөлгөөнт зураг шүү дээ. Эцсийн дүндээ сүүдэр ший бол хүмүүсийн амьдралын л тухай юм. Хүүхэлдэйн кинонд хэдий амьтад гардаг ч цаад санаа нь хүмүүсийн л талаар. Гэхдээ уран сайхны кинонд агуулга байх ёстой. Үгүй бол утга учиргүй болж хувирна. Тэрхүү санааныхаа дагуу гоо зүйн шийдлүүдээ өөрийн уран чадварт нийцүүлэн тултал гаргах учиртай. Хэчнээн гоо зүйтэй байсан ч нэгдмэл агуулгагүй бол хоосон хэлбэрдэлт л болно.
Би хэдэн найзтайгаа хамтраад “Dreamer’s day” арт кино өдөрлөгийг олон жил зохион байгуулсан. Үүний ачаар арт кино сонирхогчдын дунд тодорхой хүрээлэл үүсгэж чадсан болов уу. Артхаус гэх хэв маягтай муухан кино олон бий. Тиймээс аливаа уран бүтээлийг арилжааны, эсвэл арт гэж ангилахын оронд зүгээр л сайн, муу кино гээд ялгачихмаар санагддаг. Өмнө нь би бүтээлээ хүнд хүргэе гэхээс илүүтэй найруулагчийн уран чадвараа хөгжүүлэх гэж л кино хийж байсан болов уу. Түүнчлэн сайн кино бол арт кино гэх хатуу бодолтой явжээ. Гэхдээ бүтээлийн сайн, мууд хэв маяг нөлөөлдөггүйг эдгээр он жилүүдэд ойлгосон.
-“Яг боллоо” гэж бодсон зүйлээ хүн шүүмжлэлт нүдээр харж чаддаггүй. Та өөрийнхөө бүтээлийг өөлж үздэг үү?
-“Уран хас” (Түүний анхны бүрэн хэмжээний баримтат кино, 2014)-ын эвлүүлгэд найман сар орчим ажиллачхаад “Санаандаа хүртэл хийлээ дээ” гэж бодсон ч хожуу үзэхэд дутагдалтай зүйл цөөнгүй байсан. Хэдэн жилийн дараа “Ацаахийморь”-оос ч өө сэв олж харах байх.
-Уран бүтээлчийн уран чадварын тухай их ярилаа. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юү?
-Сайн уран бүтээлч ямагт төрдөг гэж боддог. Уран чадварыг сурч болдог нь ойлгомжтой. Харин хичээгээд ч сурч болдоггүй нь төрмөл авьяас гэдгийг сүүлийн хэдэн жил их сайн ойлгож байна. Амбицтай, эготой, хүсэл тэмүүлэлтэй байсан ч төрөлхийн билиг танхай авьяасгүй бол хэзээ ч сайн уран бүтээлч болж чадахгүй юм билээ. Яах вэ, хүн хичээвэл өндөр гүйцэтгэлтэй уран бүтээлч болж болох л юм. Гэхдээ хувийн мэдрэмжээ ний нуугүй дэлгэж, шилмэл бүтээл туурвина гэж лав бодохгүй байна.
-Уран бүтээлчийн хувиар танд хамгийн их нөлөөлсөн монгол найруулагч хэн бэ?
-С.Бямба ахын киног үнэлж, хүндэтгэдэг. Уран сайхны кинонд хөл тавихад минь С.Бямба ах, Ц.Ариунаа эгч хоёр их тусалсан. “Алсын удирдлага” (2014) кинонд гуравдугаар найруулагчаар ажиллаач гэхэд дуртайяа зөвшөөрч байв.
-Манайд үндэсний кино урлаг гэж байна уу?
-Би 1995 оноос өмнөх кинонуудыг дажгүй хэмжээнд, түүнээс хойшхыг нь алдаг оног үзсэн. Ер нь монгол кино алгасалгүй, нэлээд үздэг хүн л энэ асуултад хариулж чадах болов уу гэж бодож байна. Гэхдээ зарим киног үзэх сонирхол үнэхээр төрдөггүй, урам хугарах үе ч байсан. Монгол киног монгол болгож буй нь соёл, уран зохиол, дүрслэлийн хэл шүү дээ.
-Хүн үндсэн мэргэжлээсээ гадна өөр салбарын мэдлэгтэй байх нь давуу тал. Та биотехнологич, генетикийн инженер мэргэжилтэй хүн. Энэ давуу талаа уран бүтээлдээ “шингээж” чаддаг уу?
-Би багаасаа найруулагч болох хүсэлтэй байсан. Нэгдүгээр ангиасаа нөхөрлөсөн найз маань КУДС-ийг найруулагч мэргэжлээр төгссөн л дөө. Би МУИС-д сурч байхдаа ангийнхантайгаа гэхээс илүүтэй урлагийн сургуулийнхантай их нийлдэг байв. Харин тэдгээр сургуулийн сургалтын чанар надад хангалтгүй санагдсан учраас элсээгүй юм. Би энэ мэргэжлээрээ хэзээ ч ажиллаагүй, утгагүй санагдсан. Тиймээс төгсөнгүүтээ телевизэд ажилласан. Зохиол бичихэд судалгаа, судалгаа хийхэд сахилга бат хэрэгтэй.
“Ацаахийморь”-ийн дөрөвдүгээр ангид гарах биологийн эрдэмтний дүрээр өөрийн мэддэг зүйлээ гаргаж ирэх гэж хичээсэн. Тэр хэнээтэй эрдэмтнийг егөөдсөн тал ч бий. Гэхдээ түүний ярьсан бүгд үнэн. Намайг багад видео приставкаар кино үздэг байсан ч тэр нь манайд байгаагүй л дээ. Үүний оронд жүжигчин, дуу оруулагч Д.Батцэцэгийн хөтөлдөг “Дэлхийн шилдэг кино” нэвтрүүлгийг МҮОНТ-ээр бямба гараг бүр хүлээж үздэг байв. Үндэсний телевизийн дуу оруулалт, формат ямар гоё билээ. Хамгийн анх Билли Уайлдерын “Noir” атмосфер “ханхалсан” “Сансет өргөн чөлөө” (Sunset Boulevard, 1950)г үзчихээд ямар гайхамшигтай кино зохиол вэ гэж бодсон сон. Би олон киног таашаадаг ч хамгийн дуртай нь 1930-1950-аад онд хийгдсэн Холливудын алтан үеийн бүтээлүүд. Билли Уайлдер найруулагч Эрнст Любичийг шүтдэг байв. “Любич энэ үед юу хийх байсан бэ” гэх үгийг студийнхээ хананд жаазалчихсан. Яахаа мэдэхгүй гацахдаа түүнийг хардаг байх жишээтэй. Тэдний уран бүтээлийн хэв маяг надад их нөлөөлсөн болов уу.
Би “Ацаахийморь”-ийг зүгээр л элэглэл шиг байлгая гэж бодоогүй. Цагдаа нар ажлаа хийж чаддаггүй гэсэн санаа харуулах зорилго ч байгаагүй. Би цагдаа нарыг хүндэлдэг. Хэтрүү лэгтэй зүйлс цаанаасаа л бий болсон. Гэхдээ энэ нь үнэнд суурилсан байх ёстой.
-Цаашид та ямар уран бүтээлд ажиллахыг хүсэж байна вэ?
-Олон хүнтэй томоохон багтай ажиллах надад тун таашаалтай байлаа. Багаа сайн бүрдүүлж, дүрүүдээ оновчтой сонгож чадсан уч раас, тэд дүрүүдээ тултал үзүүлсэн болохоор сэтгэл хангалуун байна. Цаашид бүрэн хэмжээний уран сайхны кино хийх сонирхол бий.
Д.Хүслэн