Улирал солигдох үед бие сульдаж, сэтгэл санаа тогтворгүй болох мэдрэмж танд төрж байсан уу. Тэгвэл энэ нь зөвхөн танд тохиолдож буй үйл явц биш юм. Олон улсын эрдэмтдийн судалгаагаар улирал солигдох үйл явц хүний сэтгэл зүйд шууд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Ялангуяа өдөр, шөнийн үргэлжлэх хугацаа богиносож, цаг агаарын байдал тогтворгүй болох нь бидний бие организмын биологийн хэмнэлд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Улмаар тархины супрахиазматик цөм гэрлийн хэмжээ, байгаль орчны өөрчлөлтийн мэдээллийг хүлээн авч, биеийн энергийн түвшин болон нойрны хэмнэл алдагдахад хүргэдэг байна. Өөрөөр хэлбэл, намрын сүүл сар болон өвлийн улиралд байгалийн гэрэл багассанаар нойрны даавар болох мелатонин ихээр ялгарч, сэтгэл санааг тогтворжуулдаг сератонины хэмжээ буурдаг. Ингэснээр эрч хүчгүй, сульдсан мэт мэдрэмж төрдөг аж. Тиймээс тогтмол дасгал хөдөлгөөн хийж, биеийнхээ энергийн түвшнийг нэмэгдүүлснээр стрессийг бууруулж, сэтгэл санааг тогтворжуулах давуу талтай гэнэ. Мөн сэтгэл санаанд нөлөөлдөг даавруудыг тэнцвэржүүлэхийн тулд зөв хооллох нь чухал. Омега-3 тосны хүчил болон Д витамин агуулсан бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх нь зүйтэй. Мөн улирлын чанартай хооллолтод анхаарч, жимс, ногоо идэж, ус сайн уух хэрэгтэй юм байна.
Улирлын өөрчлөлт нь сэтгэл зүйн асуудалтай хүмүүсийн хувьд илүү тод илэрдэг. Тухайлбал, “Psychiatry” сэтгүүлд өнгөрсөн онд нийтлэгдсэн судалгаагаар сэтгэцийн өвчтэй хүмүүсийн хэт хөөрлийн эмгэг зуны улиралд түлхүү илэрдэг болохыг тогтоожээ. Харин хоёр туйлт эмгэг болон сэтгэл гутрал нь хавар, намрын улиралд түлхүү илэрдэг аж. Гэхдээ энэ нь хувь хүний онцлог, газар зүйн байршлаас шалтгаалаад харилцан адилгүй гэнэ.
Э.Сондор