Дэлгэцийн урлагт хайртай, үнэнч үзэгчдийн хүсэн хүлээдэг “Улаанбаатар” олон улсын кино наадам албан ёсоор хөшгөө нээлээ. Монголын урлагийн зөвлөлөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг наадам энэ сарын 15-ныг дуустал үргэлжлэх юм. Тус наадмын үзэхийн хязгаар хэсэгт Монгол, Иран, Франц, Герман, Бразил, Норвеги, Хятад, Исланд, Литва, Финланд, Итали, Австрали, Швейцар, Куба, Унгар, Япон зэрэг орны сор болсон бүтээлүүдээр үзэгч таны мэлмийг баясгах нь. Ингэхдээ жендерийн тэнцвэртэй байдлыг хадгалах зорилгоор залуу, эмэгтэй найруулагчдын бүтээлийг сорчлон хүргэж буйгаараа онцлогтой. Тухайлбал, 17 дахь удаагийн тус наадмыг найруулагч Симона Канокигагийн “Амьсгалын дуу” бүтээлээр нээсэн юм. Энэхүү кино нь Монгол, Австрали, Итали зэрэг гурван улсын уламжлалт зан үйл, оршихуйн дуу хоолойг нэг дор цогцлоосноороо онцлогтой аж. Швейцар-Италийн найруулагч Симона Канокига “Улаанбаатар” олон улсын кино наадмыг “Амьсгалын дуу” киногоор нээж буйд маш их баяртай байна. Миний хувьд хөөмийг анх сонссон даруйдаа омогшиж, бас дурласан. Энэхүү бүтээлээрээ дамжуулан монгол түмний бидэнд өгсөн сэтгэлийн бэлгийн хариуг барьж, талархлаа илэрхийлж буй юм. Мөн киноны тодорхой хэсгийн зураг авалтыг Монголд хийснээрээ онцлогтой. Энэ бол бидний нэгэн урт аяллын тухай түүх байх болно. Тиймээс та бүхнийг амьсгал хэмээх нууцлаг ертөнцөөр хамтдаа аялаасай гэж хүсэж байна. Мөн энэхүү бүтээлээс олон орны соёлыг нэгэн зэрэг тольдох боломжтой. Харин энэ бүхнийг холбож буй гол зангилаа нь амьсгалаас бүтсэн урлаг юм. Өөрөөр хэлбэл, амьсгалыг дууны урлаг болгох үйл явцыг киногоор дамжуулан үзэгчдийн хүртээл болгож байна” гэв.
“КИНО НААДМЫН АМИН СҮНС УРАН БҮТЭЭЛЧ, ҮЗЭГЧДИЙГ ХООРОНД НЬ ХОЛБОХОД ОРШДОГ”
Наадмын хөтөлбөрт 15 орны 42 уран бүтээл багтсан бөгөөд “Тэнгис” болон “Prime cineplex” кино театраар дамжуулан үзэгчдэд хүргэнэ. Эл кино наадмын уран сайхны удирдагч, Хөдөлмөрийн баатар, найруулагч Г.Жигжидсүрэн “Монголын кино урлаг олон улстай харьцуулахад залуу. Гэхдээ эрчимтэй, хурдацтай хөгжиж байгаа салбар. Ажиглаад байхад “Улаанбаатар” кино олон улсын кино наадмыг залуу уран бүтээлч, үзэгчид илүүтэй сонирхох болж. Үүнийг хараад ахмад уран бүтээлчийн хувьд огшиж, бас баярлаж байна. Гадаад, дотоодын гэлтгүй ер нь кино наадмын амин сүнс шагнал гардуулахад бус уран бүтээлч, үзэгчдийг хооронд нь холбоход оршдог. Дэлхийн сор болсон, чанартай бүтээлүүдээр долоо хоногийн турш “амьсгалж”, шилж сонгож үзнэ гэдэг гайхалтай. Шилдэг хэмээх үгнийх нь ард сайн зохиол, найруулагч, жүжигчин, зураглаач, зураачдын хамтын хөдөлмөр оршдог” хэмээв.
“ХАНГАРДИ”-ИЙН ЭЗЭД ТОДОРЛОО
Эл наадам нь Монголын кино урлагийн салбарын хөгжилд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Мөн дэлхийн нэр хүндтэй наадмаас шагнал хүртсэн, албан ёсны хөтөлбөрт шалгарсан бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэж, уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэдэг. Тус наадмын монгол киноны уралдаант хэсэг буюу “Хангарди” шагнал гардуулах ёслол уржигдар болж, шилдгүүдээ тодрууллаа. Ингэхдээ баримтат киноны төрлийг шинээр нэмснээрээ онцлогтой байв. Тэгвэл 17 дахь удаагийн Монгол уралдаант хэсгийн шилдэг уран сайхны киногоор “OI” энтертайментийн бүтээл “Гурав дахь цохилт” шалгарч, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Дөлгөөн болон Т.Нямдорж нар шилдэг гол дүрийн шагнал хүртсэн юм. Мөн “Татар” уран сайхны киноны зураач Н.Болор-Эрдэнэ, зураглаач Г.Гүенбаатар нар шилдгээр шалгарсан бол “Чимээгүй хотын жолооч”оор найруулагч Ж.Сэнгэдорж “Хангарди”ийн эзэн боллоо. Найруулагч Ж.Сэнгэдорж энэ үеэр “Юуны түрүүнд кино наадмын хамт олонд баярлалаа. Кино бол хамтын бүтээл. Бид “Чимээгүй хотын жолооч” төслийг 2022 онд эхлүүлсэн. Өдгөө маш амжилттай яваа. Мөн “Оскар”-т эл бүтээлийг “сойж” байна. “Чимээгүй хотын жолооч” нар чимээгүй хөдөлмөрлөж, хичээсээр байгаа. Миний хувьд эл наадамд олон жил оролцож байгааг онцолъё” хэмээв. Харин шилдэг баримтат киногоор найруулагч Б.Энхбаярын “Шувуулахуй” бүтээлийг тодрууллаа.
Урлагийн зөвлөлийн тэргүүн Ч.Ганболд “Монголын кино урлагийг олон улсын тавцанд гаргах, залуу найруулагч, уран бүтээлчдийг “төрүүлэх”-д эл наадам өндөр ач холбогдолтой. Тиймээс бид “Улаанбаатар” кино наадмаараа бахархдаг. Манай улсад кино урлагийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байна. Үүний хүрээнд нэрт найруулагч, “Улаанбаатар” олон улсын кино наадмын уран сайхны удирдагч, Хөдөлмөрийн баатар Жигжидсүрэнгийн “Анхны алхам”, “Хүний амь” зэрэг алтан үеийн гайхалтай бүтээлийг хойч үеийнхэндээ өргөн дэлгэцээр дамжуулан хүргэж буйдаа баяртай байна” гэв.
Шилдэг киногоор “OI” энтертайментийнхны “Гурав дахь цохилт” шалгарлаа.

“Татар” уран сайхны киноны зураач Н.Болор-Эрдэнэ “Хангарди” цомын эзэн болов.