Монголд гэрэл зургийн салбар үүсэж хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд фото сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч М.Лхагвасүрэнгийн уран бүтээлийн дээжүүдээс бүрдэх “Үнэн” гэрэл зургийн үзэсгэлэнг Үндэсний музейд олны хүртээл болгожбайна. Энэхүүүзэсгэлэнд өнгөрсөн түүхийн баларшгүй үнэ цэнийг өгүүлэх 60 гаруй гэрэл зургийг дэлгэсэн бөгөөд энэ сарын 19-нийг хүртэл толилуулах аж. 1970-2000 оны Монголын нийгмийн өнгө төрх, улс төр, ахуй амьдралыг харуулсан бүтээлүүд болон тухайн үед сонин, сэтгүүлд нийтлээгүй, уран бүтээлчийн хувийн архивт хадгалагдажбайсан зургуудыг дэлгэснээрээ онцлогтой. Түүнчлэн тус үзэсгэлэнгийн хүрээнд цор ганц хувь, silver print хэвлэл бүхий цөөн тооны бүтээлийг гэрэл зураг сонирхогчид болон цуглуулагчдад зориулан дуудлага худалдаагаар арилжих гэнэ. Silver print буюу тусгай лабораторид буулгасан гэрэл зураг нь мөнгөний галоген давстай цаасан дээр химийн аргаар дүрс буулгах уламжлалт хэвлэлийн төрөл бөгөөд хар, цагаан өнгөний өндөр нягтрал, удаан хадгалах чанараараа олон улсад үнэ цэнтэйд тооцогддог юм байна.
М.Лхагвасүрэн нь Монголын сансрын нисэгч Ж.Гүррагчааг эх дэлхийдээ хөл тавих үеийн түүхэн агшныг 1981 онд сурвалжилж, “Сансрын гараа” бүтээлээрээ Монголын сэтгүүл зүйн болон гэрэл зургийн түүхэнд шинэ хуудас нээжээ. Түүний бүтээлүүд Монголын XX зууны түүхэн үйл явдлын бодит гэрч болон үлдэж, хойч үеийн гэрэл зурагчдад фото сэтгүүл зүйн үлгэр жишээ болсоор буй юм. М.Лхагвасүрэн агсны хүү“Гамма” агентлагийн гэрэл зурагчин Л.Элбэгзаяа “Аавынхаа бүтээлүүдээр дамжуулан баримтат гэрэл зургийн үнэ цэн, ач холбогдлыг хүмүүст ойлгуулахыг хүссэн. Мөн үзэсгэлэн дэлгэх хүсэлтэй залуу үеийнхэндээ зориулан санаа авч болохуйц чанартай, хүн үзэхэд үлдэцтэй бүтээлүүдийг сорчлон дэлгэлээ Цаашид аавынхаа бүтээлүүдээр гэрэл зургийн ном туурвихаар бэлтгэлээ базааж байна” гэсэн юм.
М.Лхагвасүрэн нь 1941 онд Хөвсгөл аймгийн Тариалан сумд төрсөн бөгөөд 1961 оноос гэрэл зурагчны гараагаа эхлүүлжээ. Тэрбээр “Үнэн” сонинд 30 гаруй жил ажиллахдаа фото сэтгүүл зүйн онол, шүүмжлэлийн тухай 500 гаруй өгүүлэл нийтлүүлсэн. Мөн фото сэтгүүл зүйн талаар олон ном бичсэнээс гадна алдарт М.Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийг улаан дипломтой төгссөн Монголын цөөн сэхээтний нэг байв.
Ташрамд дурдахад, “М.Лхагвасүрэнгийн баримтат бүтээлүүд” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Үүний хүрээнд салбарын мэргэжилтнүүд болон фото сэтгүүл зүйн чиглэлээр суралцажбуй оюутан, судлаачид хамтран, түүний арга барил, баримтат гэрэл зургийг нийтлэлтэй уялдуулан олон нийтэд хүргэх туршлагаас хуваалцсан юм.
У.Цэцэг