Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх шийдвэрийг 22.30 цагт мэдээлэл өглөө. Шийдвэрийг ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайхан танилцууллаа. Тэрбээр, " Үндсэн хуулийн цэцийн 8-р дүгнэлт нь нийт 38 нүүр учир агуулгыг танилцуулж байна. Нэгдүгээрт, УИХ-ын нэгдсэн чуулганаар ТББХ-ны Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулсан нь Үндсэн хууль зөрчсөн.
Хоёрдугаарт, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн чуулганаар УИХ-ын гишүүдийн зүгээс албан ёсоор тавьсан Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье гэсэн томьёоллоор бус ТББХ-ны саналаар УИХ-ын 95-р тогтоолыг баталсан нь Үндсэн хууль зөрчсөн.
Гуравдугаарт, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы хуралдааны ирц бүрдээгүй байхад 10 дугаар сарын 17-ны өдрийн ирцтэйгээр нэгтгэн тооцож 51.6 хувийн ирцтэй гэж хуралдаан эхлүүлсэн нь Үндсэн хуулийн 1.2, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6.6.2-ыг ноцтой зөрчсөн гэж үзэв.
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр гармагц хүчин төгөлдөр үйлчлэх тул Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоол эрх зүйн чадамжгүй болж байна" гэх мэдээллийг өглөө.