“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн форум YEF-2025”-ыг өчигдөр зохион байгуулав. Энэхүү форумын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Азийн хөгжлийн банкныхны хамтран хэрэгжүүлсэн “Монгол залуучуудын боловсролоос хөдөлмөрт шилжих үйл явц” судалгааны урьдчилсан үр дүнг танилцууллаа. Судалгаагаар залуучуудын олонх нь танилын хүрээгээрээ дамжуулан ажилд зуучлуулах нь түгээмэл болохыг тогтоожээ. Энэхүү албан бус сувгаар ажилд зуучлах дадал нь хэдийгээр цаг хугацаа бага шаарддаг, үр дүнтэй мэт боловч цаашид хөдөлмөрийн зах зээлийн ил тод байдал, шударга өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэйг мэргэжилтнүүд онцолж байна. Харин залуучууд цалин хөлснөөс илүүтэй ажиллах орчин нөхцөл, байгууллагын соёл, уян хатан цагийн хуваарийг чухалчилж буй гэнэ.
Манай улсын нийт хүн амын 30 орчим хувь нь 15-34 насны залуус бөгөөд дунд хугацаанд эл насныхан ажиллах хүчний дийлэнх хэсгийг эзэлнэ гэх тооцоолол бий. Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир энэ үеэр “Залуучуудын мэдлэг, авьяас чадварыг бүрэн дүүрэн ашиглах нь эдийн засгийн өсөлт, нийгмийн тогтвортой хөгжлийн үндэс юм. Тиймээс тэдний дуу хоолой, оролцоо, судалгааны үр дүнд үндэслэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг цаашид улам сайжруулахыг зорьж байна” гэсэн юм.
У.Цэцэг