…Өчигдөр Монголын улс төрийн амьдралд нэгэн содон мэдээ түгэв. Тэр нь юунаас үүдэлтэй вэ гэвэл телевизээр гадаадын зарим оронд суух Элчин сайдуудыг зарласан явдал. УИХ-ын сонгуульд дөрвөн удаа ялалт байгуулсан, Эрүүл мэндийн болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар гурвантаа томилогдон ажилласан, Монголын улс төрийн томоохон төлөөлөгч, хаттай тууштай чанараараа Монголдоо “төмөр хатагтай” гэгдсэн Төгсжаргалын Ганди сайдын суудлаасаа татгалзаж, удахгүй болох УИХ-ын сонгуулиас “зугтаж”, Дунай мөрнийг зорин, Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон явдал байв. Түүнийг хүндэлдэг, түүгээр бахарх даг, түүнд итгэдэг жирийн олон түмэн “Яагаад?” хэмээн гайхав. Харин улс төрийн хүрээнийхэн дунд УИХ-ын сонгуульд Т.Ганди хэмээх “хатуу самар” оролцохгүй болсныг дуулаад баярлаж байгаа хүн цөөнгүй бололтой. Гэтэл “Яамай даа, муу найз минь” хэмээн өршөөнгүй, нигүүлсэн хандсан цөөн боловч хүн байна аа. Тэр бол түүнтэй мөр зэрэгцэн үзэг барьж, шинэ цагийн сэтгүүл зүйн түүхийг бүтээж суусан, УИХ-ын сонгуульд анх оролцоход нь дээлийн нь захыг мушгиж суусан сэтгүүлч бид.
1990 оны зун цаг “Ардын эрх” сонин мэндэлсэн юм. Төдөлгүй нэг өдөр дэслэгчийн мөрдэс гялалзуулсан, оюутан ахуй цагийн найз минь тов тов алхсаар Төрийн ордонд орж ирснийг санаж байна. Офицер хувцас өмсчихсөн хэрнээ сүрчиг ханхлуулан өнгөрсөн тэр мөч сэтгэлд хоногшин үлджээ. Т.Ганди хатуу бэрх цаг үеийн жаварт жиндсэн монгол түмнийхээ сэтгэлийг галтай цогтой нийтлэлээрээ бүлээцүүлж чадсан. Мистер Флинн, Накамура сан-ыг илчилж, Монголын хөлдүү армийг гэсгээх гэж, хүний хувь заяаг гаргуунд нь гаргаж, өөрөө тушаал ахихын тулд шоронд хатаахаас сийхгүй хүмүүс байдгийг илрүүлж бужигнуулсан нь тухайн цагтаа цоо шинэ өнгө төрхийг бүтээж, ирээдүйд итгэх итгэлийг төрүүлж байлаа. Богинохон хугацаанд олны хүндлэлд багтаж чадсан тэрбээр шинэ Үндсэн хуулийн дагуу төрийг удирдах шинэ парламент байгуулагдахад гуравхан эмэгтэй гишүүн сонгогдсоны нэг нь болж байв.
Тэд бол Т.Ганди, Д.Мөнхөө, Бямбажав нар байсан санагдана. Түүний дараагийн сонгуульд МАХН түүхэндээ анх удаа бут авахуулав. МАХН 25 суудал авсны нэг нь үзгээр асуудал хөндөж, үгээр улс төрийг залуурддаг Т.Гандид ногд сон байлаа. 2000 оны сонгуульд тэр ахиад л олны хүндлэл, итгэлийг хү лээж чадав. Түүнд хүмүүс итгэдэг, шинэ улс төрд шударга зүтгэнэ гэдэгт нь эргэлздэггүй болсон байв. 2004 онд бүрэлдсэн парламентад МАХН үнэмлэхүй олонх болоход Монголын улстөрч эмэгтэйчүүдийн эгнээг нэгэнт тэргүүлэх болсон тэрбээр дахиад сонгогдож, дөрөв дараалан сонгогдсон Монголын анхны эмэгтэй парламентч болсон билээ.
Их хуралд жирийн гишүүнээс Байнгын хорооны дарга, улмаар Засгийн газрын гишүүнийг хавсран хашиж байсан түүний батлуулсан хууль, санаа чилсан шийдвэр, Монголын улс төрд оруулсан хувь нэмрийг бичнэ гэвэл мань мэт нь барахгүй, цаг зав ч хүрэхгүй. Хамгийн товчхоноор Мон голын улс төрд тэр бүтэн нэртэй зүтгэлтэн, бүрэн мөртэй эр хэм гэхэд болох биз ээ. Түүнийг “Төмөр хатагтай” хэмээн нэрлэсэн нь тийм ч ташаа ойлголт биш гэж боддог. Эмэгтэй хүний энгэсгийг хэтр үүлдэггүй тэрбээр улс төрд хатуу дэг барьдаг. Цагаа тулбал ямар ч эрчүүдээс дутуугүй тас нясхийсэн байр суурьтай. Тэгсэн хэрнээ хошигнож чаддаг, егөө ёгтлолоороо хэнийг ч нам авдаг тухай нь олон “хөөрхөн” яриа бий. Улс төрд цахиур хагалж, эмэгтэй улстөрчийн шинэ зам мөр гаргаж, түүх бүтээж чадсан түүнийг эмзэг зөөлөн сэтгэлтэй эх хүн гэдгийг олон хүн мэднэ.
Нэгэнтээ сэтгүүлч, зохиолч Д.Цэнджав “Өвгөн түшмэл шиг дүнсгэр. Асахдаа асдаг, гунихдаа гуньдаг. Түүнийгээ хүнд мэдэгддэгг үй…” хэмээн Гандигаа тодорхойлсон нь тун ч оносон үг мэт санагдсан. Найз нөхдөө тэр хэзээ ч мартдаггүй. Гишүүн боллоо гээд хувираагүй, сайд боллоо гээд хямсалзааг үй цөөхөн хүний нэг тэр. 1990-ээд оны сүүлчээр ажилгүй болчихсон алхаж явтал Т.Гандитай Төрийн ордны гадаа таарч билээ. “Юу хийж байна” гэв. “Ажилгүй” гэсэнд учиргүй санаа алдсанаа “Чи над дээр нэг ороод ирээч” гэж билээ. Ордонд явж ортол “За хө, зүгээр суух цаг биш ээ. Чамд нэг хийх ажил байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан сонин гарга. Түүгээрээ цалинжина биз. Эхний ээлжинд хувцасла” гээд гар дээр минь хэдэн төгрөг тавиад гаргаж билээ. Бид түүнийг нь гаргаж чадаагүй, “Хүмүүн заяа” гэсэн нэр олж өгчихөөд бултчихсандаа хожуу боловч уучлал гуйя. Хожим ажилд орж сэхээ авсан үедээ түүнтэй нэг биш удаа орон нутагт хамт томилолтоор явсан. Мань хүн инээмсэглэж “Чи мөн алдаг хүн шүү. Тавхайн Цолмон та хоёрыг будилж, бултаж явахад тэр сонин чинь гарчихсан” гэж билээ.
Т.Гандитайгаа бид дандаа уулзаад байхгүй ч ажил төрлийнх нь талаар ямагт чих тавьж явдаг. “Улс төрийн сэтгэл зүйн төлөвшил, чөлөөт хэвлэлийн харилцан хамаарлын асуудлууд” сэдвээр докторын зэрэг хамгааллаа гэж сонссон. Үзэг, улс төр хоёрын дундаас эрдмийн ажил ундарсан нь тэр. Улмаар улс төр судлалын профессор цол авсан гэж дуулсан. Гэхдээ 2010 онд Ц.Балдоржийн нэрэмжит сэтгүүл зүйн дээд шаг налын шилдэг аравт “Ай Дарьганга нутаг минь” нийтлэлээрээ шалгарч, шагнал гардан авахдаа Сайд Т.Ганди жинхэнээсээ баярлаж зогсохыг нь хараад мөнөөхөн офице рийн дүрэмт хувцастай, сүрчиг ханх луулсан сэтгүүлч бүсгүйн дүр төрх яг тэр хэвээрээ сэтгэлд тодорч билээ. “Тал дээр тарж хэвтээд борог өвснийх нь ширхэгт бүсгүй нууцаа шивнэж, цурхиртал нэг уйлахсан…” гэж тэнд бичсэнээс улс төр хэмээх чулуу ихтэй, гутал байтугай сэтгэл урсан замаар эцэж цуцалгүй алхсан аяных нь хатууг, хатууг зөөллөсөн чин сэтгэл зүрхнийх нь хөг аяс үнэртэх шиг болж, өрөвдөж билээ.
Нямжаргалынх маань удахгүй цэнхэр Дунайн хөвөөнд төвхнөж, Ганди маань их мөрний усаар уургийн шаргал цайгаа чанана. Тэгж жирийн айлын бүрэн жаргалыг амсаж суух цаг ирсэнд та хоёртоо баярлаж байна. Азаар Гандид маань сайн нөхөр, сайхан эр хүн, Хонгор нутаг шигээ ховор төвшин хань заяасан юм. Зүтгэж тэмцэж, бүтээж төвхнүүлж, гэрээ мартсан Гэсэрийн амьдралаар өч нөөн жил амьдарсан хэрнээ сайхан үг дуулж, сайн сэтгэлийг мэдэрсэн нь Гандид хэр олон юм бол доо. Юутай ч “муухай” улс төрөөс нэг удаа ч гэсэн холдсон нь яамай. Гэхдээ тэр эргэж ирнэ. “Газрын холоос Гандигаа ирэ хээр” тухтай хуучлах цаг ирнэ гэж найдъя. Монголын улс төр ч Ган дигаа саначихсан байх биз ээ.
Б.НАЦАГДОРЖ